Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-12
Тогтоолын дугаар 92
Хэргийн индекс 106/2019/0811/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 17.3.2.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох, хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 844 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1228 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Шүүгдэгч Б.Б-г хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-гаас 17 500 000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Шд олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт хүргүүлтэл Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б- бусдын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах замаар бусдын өмчлөх эрхэд халдсан уу, итгэмжлэлээр эрх олгосон этгээдийг хуурч зээлийн гэрээгээр халхавчлах замаар эд хөрөнгийг авсан уу гэх байдалд бодитой хууль зүйн үндэслэл хийгээгүй гэж дүгнэсэн. Итгэмжлэлээр эрх олгосон өмчлөгч Ц.Б  нь хохирогчийн төрсөн эгч бөгөөд уг итгэмжлэлээр өмчлөгчийн бүх эрхийг олгосон, нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Ц.Б ыг зээлийн гэрээгээр халхавчлан эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. 2. П.С, Ц.Ш нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хувьд П.С шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг иргэний хэрэгт хохирогч Ц.Ш өөрөө оролцоогүй, өөрийн төрсөн эгчид итгэмжлэл олгон оролцуулсан байдаг. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн агуулгад нийцээгүй гэрээ байсан ч уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Миний бие дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандсан боловч ...хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаачлан шүүгдэгч Б.Б- П.С, Ц.Ш нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцох хүсэлт гаргаж байгаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. 3. Дээрх зээлийн гэрээнээс үүдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.Б  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотойгоор маргаан үүсгэсэн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу түдгэлзсэн байгаа. Шүүгдэгч Б.Б-д зээлийн гэрээний төлбөр болох 48 000 000 төгрөгийг төлж байраа чөлөөлүүлэх талаар удаа дараа санал тавьсан боловч уг төлбөрийг төлөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шүүхийн шийдвэрт мөнгө төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. 4. Шүүгдэгч Б.Б- хохирогч Ц.Шд зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлэн өөрийнх нь төрсөн эгчээс итгэмжлэл авахуулан бусдын барьцаанд тавиулж залилан мэхэлсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон. 5. П.С, Ц.Ш нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хувьд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Ц.Б  залилуулсан асуудал байхгүй, харин Б.Б- Ц.Шг залилсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Ш, П.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үүдэж Ц.Б ы өмчлөлийн эд хөрөнгө шийдвэр гүйцэтгэх байгууллагад хоёр удаа дуудлага худалдаанд орох гэсэн боловч үнэлгээ, өмчлөгчтэй холбоотой асуудлаар маргаан үүссэн байгаа. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох хэлсэн саналдаа “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийг мөнгө авсан мэтээр шийдвэрлэдэг боловч байрыг шилжүүлэхээр нотариат дээр Ц.Б , Б.Б-, Ц.Ш нар гурвуулаа очсон байдаг. Б.Б- мөнгө авсан зүйл байхгүй бөгөөд П.Соос “Тоёота ланд круйзер Прадо-120” загварын автомашиныг авсан. Мөн Ц.Б  нь зөвхөн зээлийн гэрээг төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн. Түүнээс биш Шаарийбуугийн өмчлөлд 100 хувь шилжээгүй. Тийм учраас тухайн байрны өмчлөгч нь хэн гэдгийг тогтоох ёстой. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн буюу орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Хэрэгт 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2 зээлийн гэрээ авагдсан байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ Б.Б-, Х.Х нарын хооронд хийгдсэн. Үүнээс хойш 5 сарын дараа машиныг борлуулахад маргаан байхгүй гэх зүйлийг гараар бичиж өгсөн байна. Б.Б-, С.Ш-с мөнгө авах зорилготой байсан бөгөөд бүтээгүй учраас эгчийнх нь байрыг барьцаалж машин авч, машинаа мөнгө болгож хувиргасан нөхцөл байдал харагдаж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.Б-г 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Шд “Дутуу баригдсан барилгад чинь Хонконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б ы 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ц.Шгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 000261747, Ү-2205050074 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг бусдын барьцаанд тавиулж Ц.Шд 76 808 625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Б-г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон эсэх, яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргийн хүрээнд гэм буруу, эрүүгийн хариуцлага, хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэх бололцоотой эсэх буюу нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж чадаагүй алдаа гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгагдаж, нотлогдоогүйгээс хэрэгт эцэслэн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Анхан шатны шүүх Б.Б-гийн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд бичигдсэнээс багасган тооцохдоо уг хэрэгтэй холбоотой бүхий л нөхцөл байдал нь, эсхүл тодорхой хэсэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэх талаар огт дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Б.Б- нь бусдын үл хөдлөх эд хөрөнгө, “Тоёота ланд круйзер Прадо-120” автомашин, уг автомашины үлдэгдэл төлбөр, эсхүл 32 500 000 төгрөг зэргийн алиныг нь авах зорилготой байсан, үүнээс шалтгаалан хэн хохирогчоор тогтоогдох, залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцааг ашиглан үйлдсэн, эсхүл уг иргэний эрх зүйн харилцааны дараа гэмт хэргийн санаа зорилго үүссэн эсэх, П.Стой хийгдсэн гэрээг ашигласан гэж үзвэл уг гэрээ хийсэн нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн үйлдлийн нэг хэсэг мөн эсэх, хохирлын хэмжээнд гэрээний хүү бусад нэмэгдэл зардал тооцогдох эсэх зэрэгт анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй бөгөөд мөрдөн байцаалтаар уг нөхцөл байдлууд шалгагдаж тогтоогдоогүй, прокурор хууль зүйн дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 18 000 000 төгрөгийг төлсөн гэж маргадаг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шалгагдаагүй нь шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан тохиолдолд уг хариуцлагын хэр хэмжээнд шууд нөлөөлөхөөр байна.

Анхан шатны шүүхээс гаргасан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хэрэгт хийх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаасан магадлал хуульд нийцжээ. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1228 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН