Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-02-12
Тогтоолын дугаар 91
Хэргийн индекс 107/2019/0089/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Г.Г
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Г.Г- д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хаалттай хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1154 дүгээр магадлалтай, Г.Г- д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Г.Г- д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулж, Хохирогч Ч.Ч  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г- , түүний өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Г.Г-ын хүргэн ах Ч.Ч  нь Г.Г-ын гэрийг шатаах гэхэд нь түүнээс газыг булаан авсан, энэ үед Ч.Ч  нь Г.Г-ын хацар луу 1-2 удаа цохиход уг үйлдлийг нь эсэргүүцэж Г.Г-  хүргэн ахыгаа зодсон байдаг. Хүний хамгийн анхдагч эрх хоол хүнс, орон байраар хангагдах эрх бөгөөд өсвөр насны хүүхэд өөрийн сэтгэхүйгээр орон гэргүй болох айдсыг мэдэрч тодорхой эсэргүүцэл үзүүлсэн тул Г.Г-ыг өөрийн эрүүл мэндээрээ хохирсон тэр цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохоор байна. Г.Г-  нь 17 настай. Тэрээр өөрийн гэртээ унтаж байхад нь хүргэн ах нь ирж эхнэрээ асуусан бөгөөд “Байхгүй” гэхэд нь “Гудамжны хүүхэд авч ирлээ, гэрийг чинь шатаана” гэж ахуйн хэрэглээний газ дуугаргаад байхаар нь айсандаа ноцолдсон байдаг. Гэрээсээ гарч явахдаа утсаа мартчихаад гэртээ эргэж ортол хүргэн ах нь цохиод байхаар нь тавиулах гэж нэг цохиход нь гэмтэл учирсан гэж хэлсэн. Би шүүгдэгчийн үйлдлийг давж заалдах шатны шүүхэд аргагүй хамгаалалт гэсэн байр суурьнаас гомдол гаргахад хүлээж аваагүй. Насанд хүрээгүй хүүхдийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа. Иймд өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалсан гэж үзэж Г.Г-ын үйлдэлд дүгнэлт өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Г-  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Ч.Ч  тухайн үед согтуу байсан бөгөөд Г.Г-ын “гэрийг нь шатаана” гэж ахуйн газ барьж явсан талаар гэрч Б.Х, шүүгдэгч Г.Г-  нар мэдүүлдэг бөгөөд тухайн газыг нь булааж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс тухайн үед өсвөр насны шүүгдэгч Г.Г-ын санаа, сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Тэгэхээр санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Г- д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотод Ч.Ч  нь насанд хүрээгүй Г.Г-ын “гэрийг чинь шатаана” гэж хэлээд ахуйн хэрэглээний газ авч асаахыг оролдох үед Г.Г-  нь түүний үйлдлийг таслан зогсоохдоо нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Г-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн шалтгаан, уг шалтгааны улмаас хийгдсэн хариу үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан эсэхэд эрх зүйн болоод хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхүүд хохирогчийн санаатай өдөөн хатгалт, түүний улмаас шүүгдэгчид үүсэх сэтгэхүйн цочрол, хариу үйлдэл хийгдэх нь зайлшгүй эсэх, улмаар хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан тохиолдол зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримт, үйл баримтыг таслаж дүгнэсний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрчээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд хохирогчийн зүгээс, урьдчилж санаатай халдсан халдлага нь гэмт этгээдийн сэтгэхүйн хэвийн байдлыг алдагдуулахад хэрхэн нөлөөлсөн нь гэмт хэргийн шинжийг зөв тогтоох шалгууруудын нэг болдог. 

Г.Г-  нь Ч.Ч т хөнгөн гэмтэл учруулах болсон гол хүчин зүйл, шалтаг шалтгаан нь хохирогч Ч.Ч  Г.Г-ын хуулиар хамгаалагдсан “орон байрны халдашгүй эрх”-д ноцтойгоор халдахыг завдсан үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас Г.Г-ын сэтгэхүйд хариу үйлдэл хийх нөхцөл байдал, зорилго зайлшгүй үүссэн байна.

Өөрөөр хэлбэл Г.Г-  нь хохирогчийн хууль бус үйлдлийн шууд нөлөөнд тухайн цаг хугацаанд автаж, өөрийн өмч болох “гэр нь шатна” гэж ойлгосны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочролд орж, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийг эсэргүүцэж хариу үйлдэл хийсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ. 

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж нь анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлийн шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд насанд хүрсэн болон насанд хүрээгүй хүний ухамсар, сэтгэхүйн онцлогоос ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтойг харгалзан тухайлсан үйл баримтад хийгддэг эрх зүйн үнэлэмж, ухагдахуун, зүй тогтолын тухай ойлголт юм.

Хууль тогтоогчийн зүгээс санаа сэтгэл цочрон давчдсан үедээ хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй нь Г.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл болох бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ гэж дүгнэлээ.

Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус, зүй бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүний хийж болох хамгаалалтыг зөвтгөж байдаг тул хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч дүгнэлт хийж байх шаардлагатай.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар эд хөрөнгөө хамгаалахын тулд хийгдсэн үйлдлийг “Аргагүй хамгаалалт”-ын шинжид хамруулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд Г.Г-ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр тэнссэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Г.Г- д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1154 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Г- д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Г-ыг цагаатгасугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН