Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-12-04
Тогтоолын дугаар 637
Хэргийн индекс 166/2017/0030/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.П, Б.М нар
Зүйл заалт 17.3.1.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.П-, Б.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар магадлалтай, Б.П-, Б.М- нарт холбогдох 201509000893 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.П- болон түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н П-,

2. Монгол улсын иргэн, 1948 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-н М-.

Б.П- нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “***” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байрнуудын гэрээг давхардуулан бичих, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохимол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 10 иргэнд нийт 39,814,200 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М- нь тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.П-г албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн,

Б.М-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.М-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.П-г 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.П- гаргасан гомдолдоо “Магадлалыг эс зөвшөөрч байна. “***” ХХК-нд ажиллаж байхдаа захирлын өгсөн үүрэг даалгавраар байрны захиалагч нартай гурван талт гэрээ хийж байсан. Ингээд тус компанийн захирал Г.Э- нь намайг Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас барилгын газар хөөцөлдөөд авч өгвөл би чамд 30 сая төгрөг өгнө гэсний дагуу би тус суманд барилга барих 3600 мкв барилгын газар авч өгсөн. Барилга баригдаж эхлэсэн, би өөр ажилд орохоор ажлаасаа гарах өргөдлөө өгч 30 сая төгрөгөө нэхэхэд намайг ийм хэрэгт холбогдуулсан.

Би энэ хэрэгт буруугүй. Г.Э-  захиралд бэлэн мөнгө өгч гарын үсэг зуруулж аваагүйдээ буруутаж ийм хэрэгт унасан. Гэтэл энэ хэргийн хохирогч нь Г.Э- болоод явж байна. Тэрээр өмнөх нягтлангаасаа яг ийм амлалт өгч байгаад мөн л ял авхуулсан байсныг саяхан олж мэдсэн. Энэ хэрэгт Г.Э-ыг татаж, оролцуулаН шалгаагүйд гомдолтой байна.

Барилгын захиалга явагдаж байхад М-, эхнэр Ц- /Б.П-гийн нөхрийнх нь ахын хадмууд/ нар ирж байр сонирхсон. Дараа нь дахин ирээд байрны бодолт хийлгээд явсан,  энэ үед тэр 2 нэг микро байгаа тэрийгээ зараад байранд захиалга өгмөөр байна гэж байсан. Тэр 2 зарж чадахгүй болоод манай нөхөр Б-д зараад өгөөч гэж өгсөн байдаг. Гэтэл одоо тэр микрогоо байрны урьдчилгаанд өгсөн гэж худал мэдүүлэг өгсөөр өдийг хүрсэн, тус микро нь энэ 2 хүний нэр дээр биш гэж нөхөр хэлсэн. Машиныг нь хүн авна гэж байна уу гэхэд 3,500,000 төгрөг хүрэхгүй юм байна, бичиг баримтын зөрчилтэй гэж байсан. Ингээд 2015 оны 06 дугаар сарын сүүлээр машиныг нь зарж чадахгүй нь аваачиж өгье гэтэл бид сувилалд байна, манай охин Г-т түлхүүрийг нь өгчих гэсэн байсан.

Би тэр микро автобустай огт хамааралгүй, оролцоогүй. Б- охин Г-т нь түлхүүр, бичиг баримтыг нь хүлээлгэж өгсөн. Тус микрог охин Г-, хүргэн Э- нар нь унаж яваад осолдуулсан байхад надад байрны урьдчилгаанд өгсөн гэж худал мэдүүлсэн байсан. Одоо М-, Ц- нар хүргэн Э-аас микроны мөнгөө бүрэн авсан гэдэг. Гэтэл Ц- гэх хүн над руу удаа дараа залгаж чи надад 1,145,000 төгрөг өгөхгүй бол хохирогч нар чинь надад өгье гэсэн, би мэдүүлгээ өөрчилж чамд микрог өгсөн гэж хэллээ гэж дарамталдаг байсан. Ц- энэ хэргийг хаагдаад, өршөөлд орохоор гомдол гаргадаг, дан ганц энэ хүний гомдлоор хэрэг ахиад сөхөгддөг.

Ц- бол угтаа байрны ч захиалагч биш. Худал мэдүүлэг өгсөн гээд ял шийтгэл оногдуулах болохоор би биш манай нөхөр М- байрны захиалагч гээд л гарчихдаг. Би энэ хохирогч нарт бүгдэд нь үндсэн гэрээ, бэлэн мөнгөний ордер бичиж өгсөн. Үнэхээр тэр микрог байрны урьдчилгаанд авсан бол гэрээ, бэлэн мөнгөний баримт үйлдэж, компани, эсвэл өөрийн нэр дээр машиныг шилжүүлж авах байсан. Тиймээс энэ машиныг байрны урьдчилгаанд аваагүй нь үнэн.

Мөн би бага насны хүүхэдтэй, охин 10 сартай дутуу төрсөн учир асаргаа, сувилгаа ихтэй, одоо эмнэлэгт хэвтсэн байгаа, дундах хүү 3 настай, том хүү 13 настай. Манай ар гэрийн байдал маш хүнд байдалтай байгаа. Нөхөр Б- нь хөгжлийн бэрхшээлтэй ажил хөдөлмөр хийх боломжгүй. Худал хэлж, гүтгүүлж байгаадаа, мөн микро машины асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаад үнэхээр их гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх намайг буруутан гэдэг үүднээс шууд хандаж, хэргийг үнэн зөв, тал бүрээс нь дүгнэж, судалж үзээгүй, үг хэлэх боломжоор хангаагүй хурлыг дуусгасанд гомдолтой байна. Хууль хяналтынхан үнэн зөвийг олж тогтоохыг хүсэж байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  П-гийн хувьд өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болно. Гэхдээ хууль хяналтын байгууллага аливаа хэрэг маргааны учир шалтгаан, хохирол төлбөр, бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоох үүрэгтэй. Гэтэл худалч /мэргэшсэн/ хүний үгээр нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэл болгон хуулийг буруу хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон гэж үзэж байна.

М-, Ц- нар туйлбартай мэдүүлэг өгдөггүй, настай хүмүүс байтлаа бусдыг гүтгэдэг. Яагаад энэ гэр бүлийн 2 хүнийг худал мэдүүлдэг вэ гэхээр Сайхан сумын төвд захиалга авсан гэх орон сууцны суурийг хичнээн хэмжээний мөнгө зарцуулсан гэдгийг П-тэй яриж байх үед Ц- гэдэг хүн нэг л удаа өмгөөлөгч надтай тааралдсан, П-гээс хохирлоо авмаар байна гэж над руу хандахаар нь П-д хохирлоо барагдуул гэж хэлж байгаа, өгөх байлгүйдээ гэж хэлээд өнгөрсөн. Гэтэл нөхөр М-тойгоо нийлээд өмгөөлөгч нь ятгасан учраас худлаа ярьсан, төлбөр гарвал П- төлнө гэж худал ярьж гүтгэж байгаагаас үзэхэд П-д микрог байрны урьдчилгаанд өгсөн гэж ярьж байгаа нь худлаа гэж үзэж байна.

Мөн дээрх 2 хүн худал ярьж байна гэдгийг охин, хүргэн болон Б- нарын мэдүүлэг, микроны эзэмших эрхийн гэрчилгээ өөр хүний нэр дээр байгаа зэрэг нь нотолдог. М- гэдэг хүнтэй нэг ч уулзаж байгаагүй, царайг нь харж байгаагүй, шүүх хурал дээр худал ярихаар нь намайг таних уу гэхэд танихгүй гэдгээ хэлж байсан. Ц- гэдэг хүнтэй тааралдсанаас хойш  дээрх 2 хүн хэрэгт нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Өмгөөлөгч би энэ хэрэгт П-гийн өмгөөлөгчөөр оролцохоос өмнө энэ 2 хүн өөр, өөр мэдүүлэг өгсөн байсан.

Аливаа гэрчийн мэдүүлэгт эх сурвалжаа зааж чадахгүй бол нотлох баримтаар үнэлдэггүй, эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульд заасан. Энэ хуулийн заалтыг шүүх хэрэглээгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Хохирлын хэмжээг зөв тогтоож, зүйлчлэлийг зөвтгөж, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.П- нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Мөн өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргадаггүй. Шүүгдэгч Б.П- нь хавтаст хэрэгт авагдаагүй, урьд нь ярьж байгаагүй асуудлаар гомдол гаргасан байна. Гэтэл түүний нотлох баримтуудаар бусдыг залилсан, тухайн мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж байсан болох нотлогдож байгаа. Б.П- нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан. Б.М- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Б.П-г 39,814,200 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа. Тухайн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хамаарч байсан боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар шүүгдэгчид ашигтайгаар буюу 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 2002 оны Эрүүгийн хууль болон, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд албан тушаалын байдлаа ашиглах гэдэг шинж байгаа. Ял, эрүүгийн хариуцлагын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2-5 жил буюу бага хэмжээний ялтай байгаа учир буцаан хэрэглэж 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.П- болон түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.П-, Б.М-  холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.П- нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “***” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон сууцанд захиалгатай байрнуудын гэрээг давхардуулан бичих, мөн орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохимол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 10 иргэнд нийт 39,814,200 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М- нь тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.П-, Б.М- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн Б.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, Б.М-ийн үйлдлийг 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед шүүгдэгч Б.М-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул тус үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...Би энэ хэрэгт буруугүй, хэргийн үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсэж байна” гэх, мөн өмгөөлөгч Н.Баттунсагийн гаргасан “...хэрэг авагдсан материалууд өөр хоорондоо эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг шүүх хэрэглээгүй, ...хохирлын хэмжээг зөв тогтоож, зүйлчлэлийг зөвтгөж, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П- болон түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН