Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-05
Тогтоолын дугаар 74
Хэргийн индекс 188/2019/0968/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.М
Зүйл заалт 27.10.3.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.М-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа, хохирогч О.Н , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 980 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1128 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж ы өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж 1 хүний амь насыг хохироож, хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ийг  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 1 хүний амь нас хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж ы “Сэтгэл санааны хохиролд 70.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө- нарын “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө- нь хохирогч О.Н н, хохирогч О.Б-, Э.Б-нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж  оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтаа шаардлага хангуулан тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн хүүхэд Т-ийн Х, М-ийн Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, Б.Эрдэнэбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Б.М- нь тухайн осол, өөрийн буруутай байдлаас болж хүний амь нас хохирч, бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, маш ихээр харамсан гэмшиж байгаагаа илэрхийлж, хэрэгт цугларсан баримтын хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан.

Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “9 692 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хасагдсан 2 866 200 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлын өмнө 3 000 000 төгрөг болгон төлсөн, энэ мөнгийг төлж байгаа нь энэ хүн өөрийн чадлаар гэмшиж байгаагаа илэрхийлж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна.

Бусад хохирогч нарын хувьд ч өнөөдөр биеийн байдал тааруу хэвээр эм тариа эмчилгээ зайлшгүй хэрэгтэй байгааг тэрээр тун сайн ойлгож байгаа ч хорих ял биечлэн эдэлж байгаагаас шалтгаалж эдгээр хохирогч нарт бололцооны хирээр туслах боломжгүй байдалтай байна.

Б.М-ийн хувийн байдлын хувьд 5 настай охин  Х /хх-2-7/, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн 11 сартай Э /хх-2-8/ нарын хамт өрх толгойлон амьдардаг, бага охиныг төрснөөс хүүхдүүдийн эцэг нь өөр хүнтэй хамтран амьдарч орхиж явсан гэдэг ба бага охин Э нь төрөлхийн зүрхний ховдол цоорхой Эх нялхсын эмнэлгийн хяналтад байдаг.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлын арга хэмжээ хэрэглэхээр, Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж тус тус хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүй байх зохицуулалтуудыг хуульчлан өгчээ.

Дээрх зүйл заалтууд хэдийгээр үүрэг болгосон заалт биш ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнсэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор заасан нөхцлүүд байвал шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэглэх нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд багтана, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасан гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж ы өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэрэгт шалгавал зохих ажиллагаа хийгээгүй, хэргийн бүрдэл хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн зам тээврийн осол зөвхөн шүүгдэгч М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан гэдгийг хөдөлбөргүй тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлон тогтоож чадаагүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэний нэхэмжлэгч гэх тухайн үед ... улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” 100 загварын авто машиныг жолоодож явсан М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байсан болох нь гэрч Н-ын мэдүүлэг /1хх-63, 64-65/ Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-9/ авагдсан бөгөөд тухайн тэмдэглэлийн 6 дахь талд “хэргийн газрын үзлэгийг 13 цаг 10 минутад хийж 14 цаг 30 минутад дуусгав”, 9 дэх талд “...жолооч М-г Гэмтлийн эмнэлэг дээр очиж драйгер үлээлгэхэд 000 гарч байлаа” гэжээ. Гэтэл шүүгдэгч М болон хамт сууж байсан зорчигч Н нараар хэрэг болсон гэх газарт драйгер үлээлгэж зургийг нь авч баримтжуулсан атал хэргийн газарт байсан ...улсын дугаартай авто машины жолооч М-г үлээлгээгүй, энэ талаар баримт байхгүй байхад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд түүнийг драйгер үлээлгэсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2978 дугаар дүгнэлт болон шинжээчээс асуусан 9, 10 дугаар асуултын хариулт зэрэг нотлох баримтаас үзэхэд .... улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер” 100 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М нь шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4а-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ “...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн зөрчлийн жагсаалтын 1.1-д заасан “...Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх...” мөн хавсралтын 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д жолоочид дараах зүйлийг хориглоно: “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтыг М зөрчсөн үндэслэлтэй байхад хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт тогтоогоогүй. Тухайн зам тээврийн осол гарахад жолооч Мын буруутай үйлдэл байхад тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэхээр байна.

Хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоохын тулд М.Мын үйлдлийг шалгах хэрэгтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Б.М-ийн гэм буруутай үйлдлийг нотолсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хойшлуулахад татгалзах зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.М-ийг  2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 17 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр мөнгө хураах товчооны постоос Эмээлт орох замд “Тоёота Приус-20” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Ландкрузер-100” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар “Тоёота Ландкрузер-100” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.З-ын амь насыг хохироож, О.Н , О.Б- нарын эрүүл мэндэд хүнд, Э.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх Б.М-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, гэм буруутайд тооцож, хуульд заасан нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан доод хэмжээнд нийцүүлэн 2 жилийн хорих ялыг сонгон оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Б.М-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг судлахад, хохирогч Б.З амь насаа алдсан, О.Н , О.Б- нарын эрүүл мэндэд хүнд, Э.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал Б.М-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нь “...М.М бүрэн бус тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явж Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, уг осол гарахад М.Мын буруу нөлөөлсөн, шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт тогтоогоогүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй” гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлттэй маргаж, улмаар уг дүгнэлтийг үгүйсгэснээр хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий гомдол гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...эрхгүй” хэмээн тодорхой заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд М.Мын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-34/, шинжээч Г.Цэндсүрэнгийн гаргасан 2978 дугаартай дүгнэлттэй холбогдуулан түүнийг байцаасан тэмдэглэл /1хх-74/ зэргээр өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гомдол гаргаж буй үндэслэл хангалттай няцаагдсан байх бөгөөд уг нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж үнэлэгдсэн байна.

Шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, эсхүл шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлүүдийн нэг нь нотлох баримтуудыг харьцуулж, үнэлэхдээ үйл баримтыг нотолсон болон няцаасан дүгнэлт хийгээгүй байдал хамаардаг бөгөөд Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрт дээрх зөрчил тогтоогдоогүй болно.

Б.М-ийн үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон, 2 хүний биед хүнд гэмтэл, 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзэхэд анхан шатны шүүх 1 жилээс 5 жил хүртэл хугацаатай хорих ялаас доод хэмжээнд нийцүүлэн 2 жилийн хорих ялыг сонгож оногдуулсан нь тохирсон, түүнд оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзсэн тул өмгөөлөгч Г.Нарантуяагийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 980 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1128 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж ы өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН