Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-12-18
Тогтоолын дугаар 673
Хэргийн индекс 161/2019/0017/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.А
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.А-д холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох 1813003380226 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Б-н А.

Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн иргэн К.Р-ийг газрын маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг өдөрт 4 цагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.А- ...гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүхээс энэ талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн тул маргаан байхгүй.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын “...энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, прокурорын дүгнэлт үндэслэлтэй ...тул хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,..." гэж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх заалтаас үзэхэд ...хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай зохицуулалт байхгүй байна. Шүүх энэ талаар үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм бурууг тогтоолгох, хохирогчийн эрх ашгийг хамгаалах байр суурьнаас оролцсон болно.

Шүүгдэгч Б.А-ий дээрх байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь бүрэн тогтоогдсон, тодруулбал анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруугүй мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.А- нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх үед хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан тул хуульд заасан шийтгэлийг оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.А-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Харин шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах байсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэснийг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн иргэн К.Р-ийг газрын маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.А-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.А-ы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу ял оногдуулсан хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг үүгээр тэмдэглэх нь зүйтэй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаарх үндэслэл дурдан мөн хуулийн 39.3 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.  

Учир нь шүүх шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж буй нь үндэслэл муутай болно.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй тодорхой шатанд буюу шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр тухайн хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлт оруулан, харин шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул ...өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Б.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай. 

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН