Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-12-18
Тогтоолын дугаар 672
Хэргийн индекс 149/2017/0043/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ж.Б
Зүйл заалт 215.4.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Энхбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, хохирогч Т.Долгоржавын өмгөөлөгч Д.Баттөмөр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар магадлалтай, Ж.Б-д холбогдох 201518020129 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж-ны Б.

Ж.Б- нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт зам тээврийн осол гаргасны улмаас хоёр амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ж.Баттулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-д оногдуулсан 6 жил хорих ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- гаргасан гомдолдоо “...Шүүх хуралдааны явцад шүүгдэгч гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч “Уучлал” хүссэн байдаг. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт, туршилт, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд зэргийг үндэслэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна ” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-гийн өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль бус болох тухайд.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын гол үндэслэл нь “хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нарын мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй” гэх шалтаг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ж.Б- нь осол болох үед автомашин жолоодож явсан болохыг нотлох үндэслэлүүдийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт маш ойлгомжтой бичсэн. Шийтгэх тогтоолын 25 дугаар хуудасны доороосоо 11 дэх мөрнөөс эхлэн Ж.Б- ослын үед автомашиныг жолоодсон гэж үзэх тодорхой үндэслэл, нотолгоонуудыг дурдсан байх эдгээр баримт нотолгоонуудаар хэрэгт хувийн шууд ашиг сонирхолтой, өөр хоорондоо гэр бүлийн шинжтэй харилцаатай байсан хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нарын мэдүүлгүүд няцаагдан үгүйсгэгдэх нь ойлгомжтой юм.

Зам тээврийн осол болсны дараа талийгаач Ч.Г- тээврийн хэрэгслийн арын суудлын голд буюу Н.Гантөмөр, Ч.Дэлгэрмөрөн нарын дунд суугаа байрлалтай нас барсан байсан, мөн Төв аймгийн Баянчандмань сумаас цааш Ж.Б- автомашиныг жолоодож явсан талаар З.М, Н.Н, О.Ц, Э.С нар тодорхой гэрчилдэг.

Талийгаач Ч.Г- жолооны ямар ч дадалгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Харин тухайн автомашинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хоёрхон хүн байсны нэг нь машины эзэн Ж.Б-, нөгөө нь түүнтэй ашиг сонирхол нэгдэж, мэдүүлэг өгч байгаа гэрч Т.Д Зам тээврийн осол “Сэлэнгэд тавтай морилно уу” гэсэн бичээс бүхий даваанаас цааш 26 дахь километрт болсон ба хэрэгт мэдүүлэг өгсөн зарим гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд осол болох хүртэл 8-10 минут өнгөрсөн байдаг. Эндээс тооцож үзэхэд автомашин 156-195 км цагийн хурдтай явсан байх үндэслэл тогтоогддог. Жолооны эрхгүй, ямар ч дадалгүй эмэгтэй хүн, хөл нүцгэнээр ийм хурдтай жолоодох уу? Ийм боломжгүй гэдгийг шинжээч Г.Цэндсүрэн мэдүүлдэг. Бусад зорчигчид гуталтайгаа, гутал нь үдээстэйгээ байсан.

Ж.Б- жолооны эрх аваад 2 жил ч болоогүй байхдаа буюу 1 жил 9 сарын дотор тухайн хэрэг асуудалд холбогдсон. Ингэхдээ нийт 6 удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, үүнээс 5 удаад нь хурд хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр торгуулж, хамгийн сүүлд согтуугаар машин жолоодсон зөрчил гаргаж эрхээ хасуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр жолооны ард суугаад хурдалдаг, зөрчил гаргадаг.

Ж.Б- нь бодит нөхцөл байдлыг гуйвуулан худал мэдүүлгүүд өгдөг. Машины хаалга онгойхгүй болохоор нөгөө хаалгаар буусан, юу ч санахгүй байна л гэдэг ч энэ нь худлаа болох нь баримтаас харагддаг. Автомашины ослын гэрэл, салоны гэрэл асаасан, Паркинг горим буюу хөтлөгч арааг зогсоолын горимд шилжүүлснээ ч нуудаг. Энэ бол жолооны тодорхой дадал зуршил тогтосон хүний рефлекс гэж бид үзэж байгаа. Нас барсан хүн л лав гэрэл асаагаар, хөтлөгч арааг паркинг горимд тавихгүй нь ойлгомжтой. Эдгээр товчлуураас шинжилгээнд тэнцэх гарын хээ илрээгүй. Нас барсан хүн үүнийг арилгаад зогсохгүй нь ойлгомжтой.

Нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Ч.Г- нь Улаанбаатар хотоос гарах үед тухайн автомашиныг хэсэг хугацаанд жолоодож байсан боловч, арын машинд явж байсан З.М, О.Ц нарын зүгээс Ж.Б-д тавьсан шаардлагын дагуу жолоогоо Ж.Б-д шилжүүлсэн ба үүнээс хойш уг тээврийн хэрэгслийг жолоодоогүй байна. Ж.Б- ч за за. Би одоо дахиж бариулахгүй" гэж амлалтын шинжтэй зүйл хэлж байсан нь хх-ийн 119-122-р талд авагдсан О.Ц-н мэдүүлэгт тодорхой тусгагдсан байдаг. Ингэж бусдын шахалт шаардлагаар өөрөө машинаа жолоодсон, мөн бусдад шилжүүлэхгүй талаараа хэлсэн хүн шөнийн замд, жолооны эрхгүй, хөл нүцгэн, арын суудалд амарч явсан хүнд жолоогоо шилжүүлэх үү.

Ч.Г- нь Ж.Б-д автомашины жолоог буцаан шилжүүлэн өгөх нөхцөл нь 1 дүгээрт тэрээр автомашиныг маш удаан, хурд багатай жолоодож байсан, нөгөөтэйгүүр харанхуй шөнө, жолоодлогын ур дүй дадлага муутай жолоодож байснаас үүдэлтэй нь гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг бөгөөд түүнийг 60-80 км цаг ямар хурдтай явсныг арын машинд явсан О.Ц, З.М, Н.Н, Э.С нар, түүнчлэн Н.Г ч /хх-ийн 96/-д "... хурдтай давхиагүй, зөөлхөн яваад байсан, бид нарын араас нөгөө машинд яваа хүмүүс дагаж явсан" гэж мэдүүлсэн байгаа.

Осол болох үед талийгаач Ч.Г- автомашиныг жолоодож яваад ослын үед арын суудалд шидэгдсэн гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Хэргийн газар анх очсон гэрч, цагдаа, зохицуулагч Б.Цолмон хх-ийн 130-д мэдүүлэг өгөхдөө "... миний анх харсанаар бол уг хоёр эмэгтэй хүн /талийгаач Ч.Г-, Дэлгэрмөрөн/- ий хэн нь ч жолоо барьж явсан байх боломжгүй харагдаад байсан" гэжээ.

Ч.Г- нь осол болсон даруйд автомашины арын суудалд, зорчиж явсан хэв хэлбэрт, суугаа байдлаар, бүр нас талийгаач Ч.Д-н зүүн гарыг хагас дэрлэсэн байдалтай олдсон. Ослын үед шидэгдсэн хүн бага оврын суудлын автомашины арын суудал руу шидэгдэж, арын суудалд явуу зорчигчийн байдалтай байрлах боломж үндсэндээ байхгүй.

Хх-ийн 131-132-т анх хэргийн газарт очсон гэрч Г.С хэн жолоо барьж явсан талаар "... хоёр аваарт орсон залуугаас асуусан чинь дуугарахгуй байсан” гэж мэдүүлсэн. Гэрч Б.Ц ч ослын газарт ирэнгүүтээ Т.Д-с хэн машин барьж явсан талаар асуухад дуугараагүй гэдэг. Нэгэнт өөрөө барьж яваагүй, мөн хэн барьж явсныг мэдэж байсан бол хэлэх боломж болоод чадамж тухайн үед тэдэнд, тэр тусмаа араас ирсэн машинд орж цай ууж байсан, бусадтай тодорхой хэмжээнд харилцаж байсан, хөнгөн зэргийн гэмтэл авсан Ж.Б-д, мөн Т.Д-д бүрэн байсан ч нуусан нь хэргийн материалаас харагддаг.

Хэргээс харахад “Урьхан” зоогийн газрын урд тэд бие засцгаасан гэх бөгөөд энэ үед Ж.Б- машин барьж явсныг бас нэгэн гэрч Н.Н хх-ийн 110-112 дугаар талд мэдүүлсэн нь мөн л ихээхэн ач холбогдол бүхий нотолгоо болно. Уг мэдүүлэгт тэрээр “...гэтэл Баттулга бид нарын угэнд ороогүй, бид нарыг гүйцэж турүүлээд алга болсон” гэж мэдүүлсэн нь тухайн үед автомашиныг хэн жолоодон хөдөлснийг тодорхой нотолж байгаа ба О.Ц хх-ийн 274-д “... Намайг их хурдтай гүйцээд түрүүлээд явсан болохоор нь би Баттулгыг машин жолоодож яваа юм болов уу гэж бодсон" гэж, мөн З.М хх-ийн 276-д Мөнхнаран “Бид нар зогсоод хөдлөхдөө Б-г өөрөө машинаа жолоод гэж хэлсэн болохоор Баттулгыг машинаа жолоодож явсан байх гэж бодож байна” гэж мэдүүлсэн.

Хэрэг гарсны дараа, Н.Г-г эмнэлэгг хэвтэн эмчлүүлж байхад нь удаа дараа ирж, Ж.Б-н ээж А “... одоо манай хүү л бүх хариуцлагыг хүлээх болчихпоо ... миний хүүд гомдол саналгүй бол бичээд өгчих гээд цаас бал бариад ороод ирэхээр нь ... бичээд өгчихсөн” гэж мэдүүлсэн ба хохирогч Б-д ч мөн ийм агуулгатай зүйлс Ж.Б-н ар гэрийнхнээс ярьж, түүнийг гуйж ятгаж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Хэргийг шударгаар шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлын нэг нь талийгаач бүсгүйчүүдэд хоёуланд нь ижил гэмтэл буюу гавлын суурь болон орой яс, баруун чамархай ясны ил хугарал, тархины эдийн няцрал гэмтэл учирсан нь хоёулангийнх нь цогцост хийсэн задлан шинжилгээний акт, шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Т.Д-н өмгөөлөгч Д.Баттөмөр хэлсэн саналдаа “Хохирогч Л.Д үнэн зөвийг мэдүүлсэн. Урьд нь давж заалдах шатны шүүх магадлалдаа хохирогч Т.Д, гэрч Н.Г нарын мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу хэмээн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл одоо эсрэгээрээ бусад баримтад тулгуурласан гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол процессийн алдаатай гарсан учраас магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хавтаст хэрэгт авагдсан зургаас харахад хэрвээ талийгаач суудлын машины хойд хэсэг сууж явсан гэх үндэслэл байгаа бол шалавч резин талийгаачийн нуруун хэсэгт очсон нь эргэлзээтэй байгаа. Шийтгэх тогтоолд гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүх хууль бөгөөд ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээхийг хүсэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг харахад хийгээгүй хэргийг хийсэн мэт хэт нэг талыг барьж асуудалд хандаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд бүх шатанд хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлж, шударга хандаж ирсэн бөгөөд хохирол төлбөрийг сайн дураар барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Ж.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтууд, хэргийн газрын үзлэг, шинжээч нарын дүгнэлт, гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх 3 дахь удаагаа анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа урьд нь гаргасан шийдвэрээсээ эрс зөрүүтэй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Ж.Б- нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт зам тээврийн осол гаргасны улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Ж.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасныг гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэн талаар дурдсан байх боловч хэргийн үйл баримт болон гэм буруугийн асуудлын талаар гаргаж байсан өмнөх шийдвэрүүдийнхээ агуулгатай зөрчилдсөн дүгнэлт хийж,  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь энэхүү хэрэг үйлдэгдсэнээс хойш анхан болон давж заалдах шатны шүүх, мөн Дээд шүүхээр удаа дараа хэлэлцэгдэж байсан бөгөөд тэдгээр шийдвэрүүдэд тусгасан заалтын хүрээнд давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал тус эрхээ хэрэгжүүлэлгүй анхан шатны шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт, няцаалт хийсэн мэдүүлгүүд дээр дахин дүгнэлт хийлгүүлэхээр буцааж шийдвэрлэсэн буруу болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах” тухай ижил агуулгатай гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2.-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН