Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-01-27
Тогтоолын дугаар 54
Хэргийн индекс 180/2018/0237/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Т.О, Д.С
Зүйл заалт 24.5.1., 10.6., 11.3.1
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Т.О , Д.С  нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч Г.Баяржаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, Т.О , Д.С  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж хууль бусаар ан агнах”-ыг завдсан гэмт хэргүүдэд,

2. Монгол Улсын иргэн, Д.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж хууль бусаар ан агнах”-ыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.О ийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.С , Т.О  нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг зэвсэг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О т оногдуулсан 4 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-т 5 000 000 төгрөг, хохирогч Б.Б-т 3 500 000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нар нь бусад хохирол зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-, шүүгдэгч Т.О , түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О ийн цагдан хоригдсон 98 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ- 16 загварын буу, улаан мяндсан уяа зэрэг нь алга болсон, эд мөрийн баримтаар хураагдсан сум солигдсон нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэж байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн газарт 3 ширхэг галт зэвсэг байсан. Т.О , Д.С  нарын авч явсан буу цэргийн ангийн ажилтан Р.Д-н нуусан буутай ижил төрлийн сумаар бууддаг. Т.О  нарын авч явсан бууг гар аргаар засвар хийж 7,62 мм сумаар бууддаг болгосон байсныг нотлох баримтаар тогтоосон байдаг. Тэгвэл ТОЗ-16 загварын буу засвар хийсэн эсэх, ямар сумаар бууддаг, буудлага хийсэн эсэхийг тогтоох нь зайлшгүй нотолбол зохих чухал ач холбогдолтой гэдэгт шүүхээс дүгнэлт өгөхгүй байгааг хэт нэг талыг барьсан гэж дүгнэхэд хүрч байна. Хоёр дахь буу нь Т.О ийн аавынх нь буу буюу засвар хийж 7.62 мм-ийн сумаар бууддаг болгосон байсан. Алга болсон ТОЗ-8 буу засвар хийгдсэн байсан эсэх нь тодорхойгүй. Шүүгдэгч гэм буруудаа маргадаг, цэргийн ангийн ажилтан Р.Д, А.А нар бүлэглэн адил сумаар бууддаг бууг хэргийн газраас санаатайгаар нуун авч явсан үйлдэлд шат шатны шүүх анхаарал хандуулахын оронд хэт хөнгөмсгөөр хандаж өөр шалгах зүйлгүй гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтай. Мөн сум туссан дарааллыг одоог хүртэл тогтоогоогүйгээс гадна хоёр хохирогч нэг сумаар буудагдсан гэж дүгнээд байгаа мөртлөө сум эхний хохирогчийн биеэр ороод дараагийн хохирогчийн биеэр нэвтэрч гарсан ул мөрийн давхцал бүхий шугамын өнцөг чиглэлийг тогтоогоогүй. Машины түлшний саванд сум тусаж ойсны улмаас Б оногдож хүнд гэмтэл авсан гэх мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр няцаагдсаар байтал мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагаа хийгээгүй. Б нь Г-ын оносон сум машины түлшний саван дээр тусаад ойн намайг оносон гэж мэдүүлдэг. Гэтэл маш ойрын зайнаас буудсан бууны сумны дарь тортгонд Б-н хувцас цоорч түлэгдсэн байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл эхэлж буудуулсан Г-ын хувцасанд ямар ч түлэгдэл байхгүй байсан. Мөн хамгийн ноцтой нь 380-аад метрийн зайнаас буудахад яагаад машины урд талд гал манасхийж маш хүчтэй чанга дуу гарах болсныг туршилтаар тогтоогоогүй. Дээрх байдлыг нарийвчлан тогтоогоогүй нь Т.О ийн гөрөөс буудсан суманд хохирогч нар оногдсон эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөхөд хүрч байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ... сумны хошуу олдоогүй гэх шалтгаанаар удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлтүүд “тогтоох боломжгүй” гэсэн шалтаг дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2. 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжийн 7, 8, 9  дэх заалтууд хангагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. ...380 метрийн зайнаас буудсан бууны сум хүний хувцасанд түлэгдэлт өгдөг эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед удаа дараа гаргаж байсан боловч эрхийг нь хязгаарлаж, орхигдуулсан. Шүүгдэгч нарын зүгээс мөрдөгч, прокурор нар хүсэлтийг хангахгүй байсан тул ОХУ-ын Ижевск хот дахь эмнэлгийн академийн ...2009 онд хэвлэгдсэн Галт зэвсгийн шүүх эмнэлгийн шархны дүгнэлт гэх гарын авлагаас хэрэгт холбогдох хэсгийг нотлох баримтаар хавтаст хэрэгт гомдол хүсэлтийн хамт орчуулуулж хавсаргуулсан. 3. 3 дугаар хавтаст хэргийн 179, 180 дугаар талд авагдсан гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэгт мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх ямар ч дүгнэлт өгөөгүй. Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 147 дугаар талд авагдсан мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл болон ...Т.О  нар буудлага хийх үед мод бут бүрэн ургаж, цэцэглэсэн зуны улирал байсан тул тээврийн хэрэгслийн дуу чимээ харагдах, сонсогдох байдал өөр болох дээр дүгнэлт өгөөгүй. Зүүнээс буудсан сумны чиглэл доороос дээшээ өөрчлөгдөж, хоёр хүнийг оносон гэж шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй зүйл гарч байна. Машин дотор байсан гэрч Б.А, А.А нар машины урд талд гал манас хийх шиг болсон гэж мэдүүлсэн. Тэгэхээр 380 метрээс буудахад машины урд яагаад гал манас хийх болсон нь ойлгомжгүй. Мөн би Д.С ыг гэртээ очиж буудаж үзэхийг зөвлөхөд даавуу түлэгддэг юм байна, жаахан холдохоор түлэгдэхгүй байна гэж хэлсэн. Цэргийн ангийн хүмүүс бууг нуух ёсгүй, харин ч буудлага хийсний дараа цэвэрлэх ёстой. Тэгэхээр ямар учраас нуусан гэх асуудал байна. ...Гэрч Д-н үйлдлийг дахин нарийвчлан шалгах зайлшгүй шаардлагатай. Шинжилгээгээр сумны чиглэл, өнцгийг тодорхойлдог болохоос гэрч, шинжээч нарын аман мэдүүлгээр тогтоодоггүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Т.О  нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бор гөрөөс агнахдаа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон, Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Д.С , Т.О  нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зүйл ангид зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Прокуророос 2 удаа яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийн газрын үзлэгийг 3 удаа хийсэн. Анхны үзлэгээр олдсон сумны хонгиогоор Т.О  хүний амь хохироож, Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хохирогч, гэрч нар нэг удаа буун дуу гарсан гэж тодорхой мэдүүлсэн. Хохирогч Б.Б анхны мэдүүлгээсээ эхлэн амь хохирогчийг оносон сум намайг онох шиг болсон гэж мэдүүлдэг. Хэргийн газрын үзлэг хийхдээ хонгио илэрсэн 383 метрийн зайнаас машин руу уяа татахад саадгүй, буудлага үйлдэхэд оногдох боломжтой болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Мөн тухайн буу нь 3000 метрийн зайд хүн алах чадвартай гэх дүгнэлт гарсан. Хилийн цэргийн автомашинд үүссэн хонхойлтууд юунаас үүссэн болохыг сумны хошуу байхгүй учраас тогтоох боломжгүй байсан. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байх тул шийтгэх, тогтоол магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн Т.О , Д.С  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хоёр шатны шүүх Т.О ийг 2018 оны 07 дугаар сарын 08-ны орой Хэнтий аймгийн  Дадал сум, Агац 3 дугаар багийн Битүүгийн ар гэх газарт гөрөөс буудахдаа болгоомжгүйгээр Д.Г-ын амь насыг хохироож, Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Д.С , Т.О  нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт бор гөрөөс зөвшөөрөлгүйгээр агнахыг завдсан нөхцөл байдлуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүх шүүгдэгч Т.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”,

шүүгдэгч Д.С , Т.О  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бүлэглэж хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Хохирогч нар болон тэдэнтэй хамт явсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлэг болон галт зэвсгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, тухайн цаг хугацаанд Т.О , Д.С  нар нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр бор гөрөөс агнах зорилгоор хамт явсан, Т.О  нь харанхуй шөнө бор гөрөөс рүү буудсан боловч уг буудсан чигт 380 орчим метрийн зайнд байсан хүмүүсийн нэг буюу Д.Г-ыг нэвт онож амь насыг нь хохироосон, уг нэвтэрсэн сум дахин Б.Б-г онож биед нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан, тухайн цаг хугацаанд дээрх буун дуунаас өөрөөр буу буудагдсан ул мөр, шинж тэмдэг илрээгүй нөхцөл байдал тогтоогдсон, үүнийг бодитой үгүйсгэх нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал нь “...уг үйл явдал, хор уршиг өөр этгээдийн үйлдлийн улмаас үүссэн байж болзошгүй” гэсэн таамаглал дэвшүүлж шүүхээс тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэн гомдол гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох... эрхгүй” хэмээн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хүрээ, уг шүүхээр хэрэг хэлэлцэх хэмжээ хязгаарыг тогтоосон болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР