Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-01-15
Тогтоолын дугаар 37
Хэргийн индекс 185/2019/0601/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Э
Зүйл заалт 24.6.1.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1008 дугаар магадлалтай, Б.Эд холбогдох 1909010050646 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б.Э нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 29 ширхэг 69.720 төгрөгийн үнэлгээтэй нарс модыг битүүмжилсэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэргийн шинжгүй үйлдэлд ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байна. Үндэслэл:

1.Миний бие хууль бусаар мод бэлтгээгүй, зөвхөн газарт унасан байсан түлж ашиглахаас өөр ямар ч боломжгүй модыг машиндаа хийсэн байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл болсныг харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүх магадлал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Шүүх газарт унасан байсан модыг түүж авсан үйлдлийг “Ойд мод бэлтгэсэн” гэж үзэж улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан.

3.Миний үйлдлийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ... үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргаж, иргэн надад ял шийтгэл оногдуулсан нь буруу болсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1008 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, эрүүгийн 1909010050646 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Эын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй байна. Модны тоо ширхэг, түүнд хийсэн шинжээчийн үнэлгээ, модны чанар, насжилтанд дүгнэлт хийсэн тодорхойлолт зэргээс үзэхэд насжилт гүйцсэн, өмхөрч түлэхээс өөр ашиглах боломжгүй, 69.720 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Эын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн богинын ам буюу Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас унасан байсан 29 ширхэг хуурай хус болон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хөрөөдөж бэлтгэн, улмаар 80-23 УНӨ улсын дугаартай Тоёота пробокс загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглахыг … хориглоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Эын хувьд зохих зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 29 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээг 69.724 төгрөгөөр тогтоосон нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Эыг Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж дүгнэн, түүнд торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1008 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

                                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН