Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-12-16
Тогтоолын дугаар 654
Хэргийн индекс 173/2018/0078/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч М.Г
Зүйл заалт 17.1.2.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.Г-т холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар магадлалтай, М.Г-т холбогдох 18260001250056 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоног баривчлах ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жил тэнсэж хянан харгалзсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн, Т овогт М-н Г.

М.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 23-13 тоотод байрлах хохирогч Г.Т-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 13,000 төгрөг, савхин куртик хулгайлан 213,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Г-ыг 1 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялыг ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ч.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...Хоригдол М.Г-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ялтны гомдол гаргах хугацааг 1 жил 2 сарын дараа сэргээж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээ алдахад хүргэсэн хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсныг тодруулалгүй гомдол гаргах хугацааг сэргээсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч анхан шатны шүүхээр ял шийтгүүлэх үед өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байсан тул шүүх сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан заалт нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэх заалтыг агуулгын хувьд зохицуулсан ерөнхий заалт биш бөгөөд тус тусдаа өөр утга санааг илэрхийлж байх тул М.Г-ын сүүлд илэрсэн үйлдэлд гэм буруутайд тооцож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэх шударга ёсны зарчмын агуулгыг гажуудуулж, шийтгэх тогтоолд дурдагдсан үйлдлүүдийн хойно, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдлыг өмнөх шийтгэх тогтоол гарах үед гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзаж шүүх хэргийг нэгтгэх нь зөв гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, өөр, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн тус тусдаа бие даасан хулгайн гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, цаашид энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд буруу практик тогтоож байна гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь агуулгаараа тус шүүхийн /өмнөх шийтгэх тогтоол/ 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах прокурорын дүгнэлт бичиж, 43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор ойлгогдож байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-1.4-д заасан аль ч үндэслэлд хамаарахгүй бөгөөд тус зүйлийн 1.3-т “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт  хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй, дээрх 2 хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэснээрээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч М.Г-т холбогдох хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Г-т холбогдох хэргийн тухайд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдсэн байдаг. М.Г- нь прокурорт нэхий, хонины ууц, цүнхтэй хувцас, гутал хулгайлсан зэрэг 6 үйлдлийг шалгуулах талаар хүсэлт гаргасан байдаг.

Прокурор хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас лавлагаа авсан бөгөөд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолд шалгуулах тухай хүсэлт дурдагдаагүй. Анхан шатны шүүх нийт 5 жил хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 05 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардаж авсан бөгөөд тухайн үед гомдол гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээлгэхээр 07 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж давж заалдах шатны шүүх сэргээсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад хуульд заасан хугацаандаа давж заалдах гомдол гаргах эрхээ эдлээгүй гэдэг нь харагддаг.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хүсэлтийг хангахаас татгалзсан прокурорын шийдвэрт дурдагдсан зүйлийн талаар яриагүй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах талаар санал гаргасан байдаг.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 23-13 тоотод байрлах хохирогч Г.Т-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 13,000 төгрөг, савхин куртик хулгайлан 213,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх М.Г-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр бусдын эд зүйлийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Г-ыг 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх М.Г-ын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны 43 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн, нэг төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд дээрх хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэсэн буруу дүгнэлт хийж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, мөн тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа М.Г-ын үйлдсэн гэмт хэргүүдийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчим, түүний агуулгад нийцэх юм.

Түүнчлэн шүүгдэгч М.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр прокурорын эсэргүүцлийн талаар гомдол гаргаж, хэрэгт хавсарган ирүүлсэн боловч түүний хяналтын журмаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байх тул танилцуулалгүй орхисныг дурдах нь зүйтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурор Ч.Энхжаргалын бичсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-1.4-т заасан аль ч үндэслэлд хамаарахгүй тул магадлалыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН