Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-05
Тогтоолын дугаар 76
Хэргийн индекс 188/2019/0871/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч П.Д, П.О
Зүйл заалт 22.4.4., 22.5.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

П.Д , П.О нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүгдэгч П.О , түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1113 дугаар магадлалтай, П.Д , П.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Д түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ...овогт П.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, ...овогт П.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Д д холбогдох хэргээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр П.О оос хорин сая төгрөг шаардсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч П.Д д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, П.Д г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авах гэмт хэргийг албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үүргийг хийхээр урьдчилан амлаж бусдаас нэг сая төгрөгийн хахууль авч үйлдсэн, П.О ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан нэг сая төгрөг өгч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч П.Д д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жил 10 сарын хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Шүүгдэгч П.О д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч П.О ыг оногдуулсан 3 000 000 төгрөгийн торгох ялаас нь чөлөөлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д д оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1 000 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Дагиймаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нар хамтран гаргасан гомдолдоо “...П.Д  нь ...П.О-ы ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан үйл баримт бүрэн тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь дор дурдсан нөхцөл байдлаар үгүйсгэгдэнэ. П.Д  надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн диспозицид ”Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол ...” гэж энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон байдаг. 1. “...хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс...” гэсэн нь шүүгдэгч П.О ы мэдүүлснээр түүний “эрх ашигт нийцсэн үндэслэлгүй шийдвэр дээд шатны шүүхээс гаргуулах” хүсэл, сэдэлт санаа зорилго байх бөгөөд шүүгдэгч П.Д  би түүнийг бодитойгоор хэрэгжүүлж, эдгээр нь нотлогдсоноор гэм буруутайд тооцох буруутгах үндэслэл байж болох боловч, энэ нь дараах нөхцөл байдал, нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана. Үүнд: Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч /шүүгдэгч/ П.О д холбогдох, хариуцагчаас 148 590 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг .. аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож... анхан шатны шүүхээс П.О д ашигтайгаар шийдвэрлэсэн болно. ...Давж заалдах шатны шүүхийн магадлалаар /хх-42-44/ анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, хариуцагч П.О оос /шүүгдэгч/ 69 390 000 төгрөгийн төлбөр гаргуулан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн зохигчид эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу Дээд шүүх магадлалд өөрчлөлт оруулан хариуцагч П.О оос гаргуулсан төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, 101 345 000 төгрөг болгон шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. ...Хээл хахууль өгөгч гэх П.О ы ашиг сонирхлын эсрэг, түүний “таашаалд” үл нийцсэн нөхцөл байдал бий болгож, шийдвэр гаргаснаар П.Д  намайг буруутгаж буй 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс” гэсэн нөхцөл байдал үгүйсгэгдэн няцаагдаж байна. 2. Анхан шатны шүүх зөвхөн О-ы мэдүүлгээр урьдчилан амласан, түүнчлэн П.Д  нь албан тушаалын байдлаар эрхшээлдээ оруулаад түүнээс түүнийг авлига өгөхөд хүргэсэн мэт мэдүүлсэн ямар ч эх сурвалжгүй мэдүүлгийг, мэдүүлгийн эх сурвалжаа нотлоогүй дүгнэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Гэтэл энэ хугацаанд .... аймагт зохион байгуулагдах “....”-ий баярын арга хэмжээнд ирсэн дүүгийнхээ хүсэлтээр 30-40 хүнийг байрлуулах байр, гал тогооны хэрэгслийг авч хэрэглэх зорилгоор шүүгдэгч П.О той уулзаж ярилцсан болно. П.О д холбогдох Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар П.О ы тайлбар, мэдүүлэгт дурдсан асуудлаар бидний хооронд ямар нэг яриа хэзээ ч болж байгаагүй. Харин дээр дурдсан эд зүйлийг авахаар Юнителийн сүлжээн дотроо хязгааргүй ярих боломж бүхий хүүгийнхээ дугаараар П.О той эд зүйлийг хэрэглэх зорилгоор 6 удаа ярьсныг ...нотлоогүй, утсаар ярьсан гэх мэтээр эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлж дүгнэн, миний эрх зүйн байдлыг дордуулж яллаж байгаад туйлын гомдолтой байна. Шүүхийн ёс зүйн хорооны ажилтны ямар эрхийн актын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болох нь тодорхойгүй нотлох баримтаар гэм бурууг нотолж буйг үл зөвшөөрнө. Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүнтэй холбоотой зарим ажиллагааны талаар тодруулбал шүүгчид хэрэг хуваарилах журам, хуваарилсан хэргийн талаарх хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй. Тухайлбал, гэрч Г /3хх-4-5/, мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-215-216/ зэрэг нотлох баримтыг үндэслэн өөр шүүгчид хуваарилагдах байсан хэргийг П.Д  өөртөө хуваарилуулж зориуд авсан мэтээр дүгнэлт хийсэн агуулга байдаг ба энэ үйл баримт нь Ш Е З-өөс 2014 онд батлагдан хэрэгжиж буй “Давж заалдах шатны шүүхэд иргэний хэрэг хүлээн авсан болон шүүгчид хуваарилсан бүртгэл№1”-ээр бүртгэгдсэн бүртгэл /1хх-115/, “ИРГЭН-2014” цахим бүртгэл /1хх-115/, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, хавсралт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагддаг бөгөөд анхан, давж заалдах шатны шүүх аль нь ч үнэлээгүй, нотлох баримтаас ч хассангүй.        Иймд П.Д  намайг “...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж” гэж дүгнэхдээ “ямар үйлдэл”-ээр гэдгийг нотлон тогтоож чадаагүй, урьдчилан амласан гэдгийг зөвхөн шүүгдэгч П.О ы “хэрэгт чинь тусалъя” гэсэн мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, нотлогдоогүй мэдүүлгээр нөгөө шүүгдэгч надад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийн үйл баримтыг үндэслэлгүй дүгнэсэн нь дээр дурдсан нөхцөл байдал, нотолгоогоор үгүйсгэгдэж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй. 3. П.Д г Иргэний хэргийн хариуцагч, шүүгдэгч П.О оос бусдаар дамжуулан 1 000 000 төгрөгийн хээл хахууль авсан ... гэх үйлдлийн тухайд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон ... гэж эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн ойлголтод үл хамаарах үндэслэлээр дүгнэлт хийхийн зэрэгцээ мөрдөгч, прокурорууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хангалттай хийгээгүй. Түүнчлэн анхан шатны шүүх ...хэргийн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлж дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх ч хэргийн оролцогчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгүйгээс ялтан болтол нь эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэлээ. 2017 оноос хойш Авлигатай тэмцэх газраас хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан байдаг ба насанд хүрээгүй гэрч А.Н-ээс мэдүүлэг авахдаа Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг бүлд хамт амьдарч байсан эсэхээс үл хамаарч гэрч болон мэдүүлэг өгч байгаа этгээдэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тайлбарлан өгөхийг хуулиар зохицуулжээ. Гэтэл гэрч А.Н-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийг тайлбарлан өгсөн тухай тэмдэглэгдсэн /2хх-237/ хэдий ч энэ эрхийг тайлбарлаж өгөөгүй нь эрхийг нь эдлүүлээгүй зөрчсөн ноцтой алдаа болсон. Дүү Н бид хоёрыг “хамтын амьдралгүй” гэж, түүнчлэн “түр хугацаанд хамт амьдарч буй төрөл, садангийн хүмүүсийг гэр бүлийн гишүүнд хамааруулахгүй гэж дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэн хууль зөрчсөн алдааг залруулаагүй, хууль хэрэглээнд огт дүгнэлт хийсэнгүй. Гэрч А.Н-ийн мэдүүлэгт П.О оос авсан болон түүнийг таньж мэдсэн тухай огт мэдүүлээгүй, өөр бусад нотолгоо ч байхгүй. ...Гэрч А.Н-ээр таньж олуулах ажиллагаа хийлгэхээр ..... аймгийн Засаг даргын тамгын газрын өрөөнд багшийн хамт дуудан ирүүлж, гэрчээр гэрэл зургаар таньж олуулахаар хийгдсэн ажиллагааны нотлох баримтыг ямар шалтгаанаар хэрэгт хавсаргаагүй болох нь тодорхойгүй үлдсэн. Мөн Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд гэрч А.Н, Б., Н.Г нарыг оролцуулах хүсэлт гаргасан ч Н.Гарьдхүүг оролцуулаад үлдсэн 2 гэрчийг оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисныг дурдаж байна. 4. П.О ы /3хх-4/, сэжигтнээр өгсөн /3хх-24-25/, яллагдагчаар өгсөн /3хх-134, 186/, гэрч Б.Г /3хх-8/, Г.С /3хх-10/ нарын мэдүүлгүүд П.О ы ярьсныг үндэслэсэн, ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлгүүд юм. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол, магадлал, хуралдааны тэмдэглэлд мэдүүлгийн эх сурвалжийн тухай дэлгэрэнгүй тайлбар гаргасан ба эдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу мөрдөгч шалгах бүрэн эрхтэй, боломжтой байсан боловч шалгаж тогтоогоогүй. 2018.1.10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар байцаалт өгөх үедээ эх сурвалжаа заан нэрлэхийг хүссэн ч энэ талаарх эрхийг хязгаарлаж, “П.О той уулзсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан хэргээ хүлээ” гэж тулган, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж хууль бус ажиллагаа явуулж байсан ба энэ талаар тусгай субъектийн үйлдсэн хэргийг шалгах хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа болно. 5. Магадлалын тодорхойлох хэсэгт П.Д  намайг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 27 дугаар зүйлийн 27.1.17, 27.1.18, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт дурдсан хуулийг зөрчсөн байхыг хуульчлаагүй, нөгөө талаасаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтуудаар Шүүхийн Ёс зүйн хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр магадлалаар П.Д д шийтгэлийг давхардуулж дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болгож дүгнэлт хийж байгаа нь Үндсэн хуульд заасан суурь эрхэд халдаж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэн П.Д г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан аливаа үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, тухайн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, нийгмийн аюулын талаар шалгаж, нотлох баримтаар нотлон тогтоогоогүй атлаа дээр дурдсан зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөний улмаас шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, П.Д д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Д гийн өмгөөлөгч Ж.Энхчулуун хэлсэн саналдаа “...Улсын яллагчийн зүгээс П.Д г Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 27 дугаар зүйлийн 27.1.17, 27.1.18 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж П.О ы ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 20 000 000 төгрөг шаардсан, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамаатан болох А.Н-р дамжуулан    1 000 000 төгрөг авсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэж дүгнэсэн. Шүүхээс шунахайн сэдэлттэй, Үндсэн хуульд заасан эрх мэдлээ ашигласан, шууд санаатай эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хоёр баримтад үндэслэж эрүүгийн хариуцлага оногдуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр насанд хүрээгүй гэрч А.Н-г байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан “...гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй болохыг тайлбарлаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүн гэх ойлголтыг өргөн хүрээнд тайлбарлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй. Энэ асуудлыг анхан шатны шүүх хурал дээр ярьсан боловч ач холбогдолгүй гэж үзсэн.

Гэрч мэдүүлэгтээ “...амралтын өдөр өглөөний цай уусны дараа П.Д  эгч хүнээс мөнгө авахуулсан” гэж хэлсэн байдаг. Гэтэл 2016 оны 02 дугаар сард 8 амралтын өдөр байсан бөгөөд аль өдөр мөнгө авахуулсан бэ гэдэг асуудал гарч байна. Мөн П.О оос мөнгө авсан гэдгийг өөр хэн ч нотлоогүй. Энэ асуудлаар таньж олуулах ажиллагаа хийсэн боловч тэмдэглэл нь алга болсон. Насанд хүрээгүй гэрчийн эх болон багшид нь 8-10 хүний зураг үзүүлээд “...чиний мөнгө авсан хүн байна уу” гэхэд “байхгүй” гэсэн боловч тэмдэглэл нь мөн алга болсон. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Насанд хүрээгүй гэрчийг байцаах ажиллагаа нь 2002 болон 2015 оны хоёр хуулийн үйлчлэлийн хүрээнд явагдсан. Ихэнхи мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан. Одоо болтол мөнгө авсан, өгсөн хоёр хүн бие биенээ мэдэхгүй. Шүүхээс 3 000 000 төгрөгийн торгох ялыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй. П.Д г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм. П.О ы мэдүүлэг үнэн эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгах ёстой байсан. П.О ыг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр, мөн өдрөө сэжигтнээр тооцож байцаасан.

П.Онь “П.Д  над руу байнга залгасаар би аргагүй байдалд орж 1 000 000 төгрөг өгсөн” гэх боловч аргагүй байдалд оруулсан үйл баримт байхгүй. П.О 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байцаалтад “шүүгчээр хэрэгт яаж туслуулах байсан юм бэ” гэхэд хэргийн талаар яриагүй, “энэ асуултад хариулж чадахгүй байна” гэдэг. П.О “оройн 19 цагт мөнгийг өгсөн” гэх боловч А.Н “...өглөөний цайгаа уусны дараа мөнгө авсан” гэдэг.

Хэрэгт П.О-ы 2016 оны 02 дугаар сарын 27-ны 12 цагт 1 000 000 төгрөг авсан банкны баримт, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн утасны ярианы лавлагаа хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 53 секунд, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад 3 минут, 12 цагт 44 секунд ярьсан байдаг. Удаа дараа ярьж мөнгө шаардсан гэдэг нь үүгээр няцаагдсан. Мөн П.О хоёр хоногийн дараа 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөгөө буцааж авсан гэх боловч тухайн өдөр ямар ч яриа болоогүй болох нь утасны ярианы лавлагаанаас харагдана. Харин 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 секунд ярьсан буюу аяга, шанага авах гэж очсон. Тэгэхээр хоёр хоногийн дараа 1 000 000 төгрөгөө авсан гэдэг нь үүгээр няцаагдаж байна. Энэ баримтууд нь хөндлөнгөөс засах боломжгүй, хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий баримт юм. Харамсалтай нь энэ асуудлаар шүүхээс дүгнэлт хийгээгүй.

П.О ы мэдүүлэг байнга өөрчлөгддөг ба 3 дугаар хавтаст хэргийн 132 дугаар талд яллагдагчаар байцаагдахдаа “би ямар ч мөнгө аваагүй” гэдэг. Гэтэл түүний мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл, нотлох баримтын эх сурвалж болсон. 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтыг үйлдэгдээгүй гэдгийг П.О “...тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж байсан” гэх мэдүүлгээр гэрчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн өөрийнхөө гэм бурууг хүлээж байгаа мэдүүлгээр гэм буруутайд тооцож болохгүй.

Хэрэгт П.О нь иргэний хариуцагч, хохирогчоос бусад бүх статусыг дамжсан. 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсний дараа буюу 2017 оны 07 дугаар сард П.О-ыг гэрчээр байцаасан. Гэтэл өмнө нь яллагдагчаар татсан байсан. Үүнийг шинэ журмын дагуу гэж тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагааг журмаар биш бие даасан хуулиар зохицуулна.

Давж заалдах гомдлоор ирсэн хэргийг П.Д  дур мэдэн өөртөө авсан мэт ярьдаг. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг давж заалдах шатны шүүхэд ирж, зохих журмын дагуу хуваарилагдсан гэдэг нь шүүхийн цахим хуваарилалтын системээр нотлогдоно. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг хуваарилагдах үед П.Д  ... аймагт байгаагүй, эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотод байсан бөгөөд хэрэг хуваарилах ажиллагаанд П.Д  ямар нэгэн байдлаар оролцоогүй. Харин н.Г-Г худал мэдүүлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнээс гадна улсын яллагч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан буруутгасан боловч тус заалтууд нь шүүгчийн ёс зүйтэй холбоотой заалт байсан. н.Х-ны тэмдэглэл нотлох баримтын эх сурвалж болох эсэх асуудал тусдаа бөгөөд тус баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Хэрвээ авлига авсан гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 1 000 000 төгрөгийг хураах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх заалтыг биелүүлээгүй. Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг биелүүлээгүй буюу П.Д д мөнгө өгөх субъектив санаа зорилго нь өнөөг хүртэл ойлгомжгүй байна. П.О ы авлига өгөх сэдэлт, санаа зорилгыг шалгаж тогтоогоогүй. Авлига өгөгч, авагч этгээдүүдийн хүсэл, сонирхол нэгдэж байж гэмт хэрэг үйлдэгдэнэ. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болж П.О оос 69 390 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг Улсын дээд шүүх 101 345 000 төгрөг болгож хэмжээг нэмэгдүүлсэн. Тэгэхээр П.О ы эрх ашгийг хамгаалсан гэдэг нь үүгээр үгүйсгэгдэж байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч шүүгдэгчийг тодорхой хэмжээнд эрүүдэн шүүсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлаар хүсэлт гаргаж явсан боловч хариу өгөөгүй. Мөнгийг хоёр хоногийн дараа буцааж авсан гэх асуудал ярих боловч баримт байхгүй.

Анхан шатны шүүхэд гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй буюу хэргийн талаар ээдрээтэй нөхцөл байдал байхад гэрч оролцуулаагүй. Энэ нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 13 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл буюу П.О 1 000 000 төгрөг өгсөн гэдгээ нотлоогүй, мөнгө авсан, өгсөн гэх хүмүүс бие биенээ танихгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д заасныг ноцтой зөрчсөн. Гэтэл шүүх дээрх мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан бол өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасныг буюу авлига өгсөн, авсан хүнийг шалгаж тогтоогоогүй, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах ёстой байтал зарим баримтыг хаяж, заримд нь илүү ач холбогдол өгсөн.

Шүүхүүд харилцан адилгүй дүгнэлт хийсэн, дээрх асуудлуудыг дахин шалгах боломж байсан. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.О-ы өмгөөлөгч Х.Баатарбилэг хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор П.О ыг бусдад авлига өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх П.О-с 1 000 000 төгрөг гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг мөн үндэслэлтэй гэж үзсэн тул гомдол гаргаагүй. Шүүгдэгч П.Д гийн өмгөөлөгч хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд бүрэн мэтгэлцэж, шүүхүүд үйлдэл тус бүрт дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Миний үйлчлүүлэгч 2016 оноос хойш хохирч байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. П.О д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээр прокурор Улсын дээд шүүхэд ч хандсан асуудал бий. П.О мөнгө өгсөн, яах гэж уулзсан талаарх бүх зүйлийг хэлсэн. Хэрэгт шүүгдэгч нар харилцан эсрэг ашиг сонирхолтой явсан бөгөөд одоо ч дээрх байдал үргэлжилж байна. Ганцхан миний үйлчлүүлэгчийн мэдүүлгээр П.Д г буруутгаагүй, бусад олон нотлох баримтууд хэрэгт байгаа. Гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгсөн талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч П.Д  нь ..., ..., ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ....... ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ... аймгийн Д... сумын нутаг дэвсгэрт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 27 дугаар зүйлийн 27.1.17, 27.1.18, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй ... аймаг дахь сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1051 дугаартай иргэний хэргийн хариуцагч П.О ы ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, улмаар түүнээс 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамаатан болох А.Н-р дамжуулан 1 000 000 төгрөг авсан, шүүгдэгч П.О-г мөнгийг Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор П.Д-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний хамаатан болох А.Нээр дамжуулан өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн заалтыг буцаан хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдсан. Анх П.О нь “Шүүхийн ёс зүйн хороо”-нд гомдол гаргасан бөгөөд гомдолд дурдагдсан асуудал гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Прокуророос П.Д д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх ял оногдуулж, тэнссэн нь хуулийг зөв хэрэглэсэн.

П.Д  нь Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхийн хооронд явж буйг мэдэж байсан бөгөөд “Хэргийг нь аргалж өгнө” гээд П.О оос 1 000 000 төгрөг авсан болох нь насанд хүрээгүй гэрч А.Н-ийн мэдүүлэг, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ...банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтойгоо ижил агуулгатай байх бөгөөд шүүх гомдлыг хүлээн аваагүй талаар үндэслэл, тайлбараа тодорхой хийсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх мэтгэлцэх зарчмаар хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  П.Д, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн П.Д, П.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх П.Д г ..., ..., ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... ажиллаж байхдаа иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч П.О-той 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр утсаар ярьж, уулзаж, түүний ашиг сонирхолд нийцүүлэн “би чамд энэ хэрэг дээр тусалья” гэж урьдчилан амлаж, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хамаатан, насанд хүрээгүй А.Н-р дамжуулан П.О-с 1 000 000 төгрөг авсан,

П.О нь дээрх байдлаар П.Д д 1 000 000 төгрөг өгсөн нөхцөл байдал, үйл баримтыг уг мөнгийг өгсөн талаарх П.О ы удаа дараагийн мэдүүлэг, мөнгийг П.О оос авч П.Д д дамжуулсан насанд хүрээгүй гэрч А.Н-н мэдүүлэг, П.Д  нь П.О-с мөнгө нэхэж утсаар ярьсан талаар гэрч Б.Г, Г.С нарын мэдүүлэг, П.О-ы энэхүү үйл явдлын талаар Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдол, уг хорооны хяналт шалгалт хариуцсан референт Ж.Х-ны мэдүүлэг, П.О нь өөрийн ... банкны данснаас 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн баримт, утасны дугаарт дуудлага хийгдсэн лавлагаа зэрэг  шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохдоо ойлгомжтой, тодорхой дүгнэлт хийсэн байх бөгөөд ийнхүү үйл баримтыг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болон ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхүүд П.Д гийн үйлдлийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх  хэсэгт заасан гэмт хэргээр,

шүүгдэгч П.О ы үйлдлийг “хөнгөн ялтай, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль”-ийг хэрэглэх буюу хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, гэм буруутайд тооцон ял оногдуулж, П.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ямар нэг алдаа гаргаагүй байна.

Анхан шатны шүүх П.О ыг ялаас чөлөөлөхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан байгааг нэмж тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д гийн үйлдлээс “2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр П.О оос 20 000 000 төгрөг шаардсан” гэх үйлдлийн “хахууль өгөхийг шаардсан” гэсэн шинж нь гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид тусгагдаагүй, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид шинээр хуульчлагдсанаас гадна энэ нөхцөл байдлыг нотолсон хангалттай баримт хэрэгт цуглараагүй гэсэн үндэслэлийг зааж, уг үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, П.Д, П.О нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч, гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн алдаа гаргаагүй боловч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын талаар дүгнээгүй орхигдуулж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөсөн нь бүхэлдээ “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нар нь “хэрэг гарсан нөхцөл байдал буюу хахууль авсан үйл баримт огт болоогүй, үүнийг нотолсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн”, үүний улмаас “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” зэрэг үндэслэлээр гомдол гаргажээ.

Үйл баримттай холбогдох гомдлын тухайд, гомдол гаргагчид нь үйл баримт, түүнийг нотолсон баримтуудыг өөрсдийн ойлголтоор тайлбарлаж, үгүйсгэн няцааж, улмаар үүнийгээ үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...эрхгүй” хэмээн тодорхой заасан болно.

Нөгөөтээгүүр шүүхүүд хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт нэг бүр болон тэдний бүхэлдээ юуг илэрхийлж байгааг тодорхой, ойлгомжтой үнэлж, дүгнэсэн бөгөөд энэ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүйг дахин тэмдэглэх нь зүйтэй.

“П.Д  нь П.О-ы эрх ашгийн эсрэг шийдвэрийг гаргасан, П.О-д ямар нэг давуу байдал олгоогүй” тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн гомдлын тухайд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хахууль авах” гэмт хэргийг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол” гэж тодорхойлсон.

Дээрх тодорхойлолтоос үзэхэд, тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхгүй байхаар урьдчилан амлаж хахууль авсан тохиолдолд урьдчилж тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж “урьдчилан амлаж хээл хахууль авсан”-аар төгсөх, эсхүл “урьдчилан амлахгүйгээр тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авсан”-аар гэмт хэрэг төгсөхөөр заажээ.

П.Д гийн хувьд эхний шинжийг бүрэн хангаснаар гэмт хэрэг төгссөн бөгөөд хэргийн шийдвэрийн үр дүн гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхөөргүй байна.

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул процессийн явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгохыг амлаж, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана.

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

“Гэрч А.Н-н мэдүүлгийг хууль зөрчиж үнэлсэн” гэх гомдлын тухайд, анхан шатны шүүх хуулийг тайлбарлан хэрэглэхдээ Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэрийг иш болгож үндэслэлтэй тайлбар хийсэн бөгөөд уг хүний мэдүүлгийг гэмт хэргийг нотлоход ашигласан нь хууль зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Д гийн “Хахууль авсан”, П.О ы “Хахууль өгсөн” гэх үйл баримт, хэргийн бодит байдал хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын хамтран гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.  

Түүнчлэн П.Д  нь “хэргээ хүлээ” гэж тулгаж эрүүдэн шүүсэн, “гэрч Н.Г худал мэдүүлэг өгсөн” гэх асуудлуудаар гомдол гарган шалгуулж байгаа гэх боловч энэ талаар тодорхой агуулгыг илэрхийлсэн, эрх бүхий байгууллагын ямар нэг баримт шүүх хуралдаанд шинжлэн судлагдаагүй тул энэ хэргийн шийдвэрт нөлөөлөхөөр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Харин шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан, хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх баримт, нотолгоо шинээр илэрч, тогтоогдсон тохиолдолд шинэ нөхцөл байдлын улмаас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах боломж хуулиар нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1113 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН