Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-05-10
Тогтоолын дугаар 203
Хэргийн индекс 188/2018/0979/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Д.М
Зүйл заалт 20.7.2.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалтай, шүүгдэгч Д.Мт холбогдох 1802003170214 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2009 оны 12 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 2010 оны 10 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 5-нд 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, А овогт Д.М нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж, Д.Мийг Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 2 хоногийг эд эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч  гаргасан гомдолдоо: “...Би Нэгдсэн Үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын конвенцийн жагсаалтанд багтдаг метамфетамин агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.2 грамм бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргээ сэжигтэн, яллагдагчаар татагдсан цагаас эхлэн үнэн зөвөөр хүлээсэн, хэрэгт саад учруулаагүй, мэдүүлгийг үнэн зөв өгч байсан. Үйлдсэн хэргийн хор холбогдлыг ойлгон гэм буруутай гэдгээ дахин дахин хүлээн зөвшөөрч, улмаар хууль биелүүлэх, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх сэтгэл зүйн бэлтгэлтэй болохоо харуулсан. Бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа чин сэтгэлээсээ ойлгож, гэмшиж байгаа. Хоригдож байх хугацаандаа гэмт хэргийн хор хөнөөлийг ойлгож гэмшиж байгаа билээ.

Эхнэр маань бага насны нэг хүүхэдтэй, одоо 5 сартай жирэмсэн, ар гэрийн амьдрал хэцүү, надаас өөр харж хандах хүнгүй. Нийгэмд нийгэмшиж, гэр бүлтэйгээ сайн сайхан амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх, зөв шударга амьдрах боломж олгож надад оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил хорих ял болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Д.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хорих ялын доод хугацаагаар шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх нь шүүгдэгч ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан түүнд 2 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч  нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн ирүүлснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч ийг Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.2 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                             ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН 

                                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН