Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-06
Тогтоолын дугаар 113
Хэргийн индекс 105/2018/1377/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч С.Г
Зүйл заалт 11.6.2.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

С.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гэрлээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1443 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалтай, С.Гд холбогдох 1806002221442 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гэрлээ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт С.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Гантулгыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “С.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, “хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь гэм хорын нэхэмжлэлээ жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гэрлээ гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8, 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Гэмт хэргийг хэн үйлдсэнийг, мөн шүүгдэгч С.Г хохирогч Б.Гт хөнгөн гэмтэл учруулсан гэх шалтгаант холбоог эргэлзээгүй, бодитой тогтоогоогүй бөгөөд нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, нотлох чадвараар сул, эх сурвалжаа зааж чадаагүй, шууд нотлох баримт биш байдаг.

Энэ талаарх тайлбарыг давж заалдах гомдолд дэлгэрэнгүй бичсэн болно. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан бол дараах зөрчлийг илрүүлэн хэргийн оролцогчдод эргэлзээ төрүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н анх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ үнэн зөвийг тодорхойлж гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд татгалзсан шалтгаанаа дурдаагүй.

Үүнийг шүүх асууж тодруулаагүй. Мөрдөгч нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргасан байдаг.

Хавтас хэргийн 4, 6, 7, 8, 9 дүгээр хуудсанд байгаа хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн. Мөрдөгч 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 7 хоногийн өмнө 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр прокурорт саналаа хүргүүлэх ёстой байсан боловч 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр саналаа хүргүүлжээ.

А.Сийн гар утаснаас авч угаагдсан гэх 10 ширхэг фото зураг нь хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч болон өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 56-59 дугаар хуудсанд байх гэрэл зургийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгуулж, бэхжүүлж, нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй бөгөөд нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлох хэсэгт дурдаагүй.

Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон гэх үйл баримтын талаар бодит мэдээлэл өгч чадах гэрчүүдийг тодорхойлох, эдгээрээс мэдүүлэг авахуулах, хавтаст хэрэгт байгаа гэрэл зургуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нийн гомдолд бичсэнээр хохирогч Б.Гт холбоотой хэргүүдийг нэгтгэн шалгуулах, сургуулийн зүгээс холбогдох хүмүүсийг мөрдөн шалгуулах хүсэлтэй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяа гаргасан гомдолдоо: “...Шүүх хяналтын байгууллага гэм бурууг эцэслэн тогтоосны дараа асуудлыг ярина гэж сургуулийн удирдлага хариу өгдөг. Хохирсон хүүхдийн асуудлыг үл тоодог. Гэм буруутай багш сурагчид цагдаа прокурорт дуудагдах үед багш Х, Б нар хүүхдүүдээс хандив гэж 15.000 төгрөг татдаг. Өгөхгүй бол зайл гэж хөөдөг.

Захирал Б 2018 оны 12 дугаар сарын шүүх хурлын үеэр хохирогч хүүхдийн эмчилгээнд өгнө гэж тодорхой бус мөнгө татан хураасан боловч хохирогчид мөнгө өгөөгүй байж гэмт хэргийн хариуцагчид өмгөөлөгч олж өгсөн байдаг. Нэг хүүхдийн эсрэг 10-аад сурагч, олон багш нар гүтгэж мэдүүлэг өгсөн. Шүүх хуралд нэг ч хүн оролцуулаагүй.

С.Гын өмгөөлөгч С.Гэрлээ албан тушаалаа урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох үед ангийн найз прокурор Гантулгабатаар 2018 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааг зориуд санаатайгаар дуусгуулж хэргийг хаалгаж байгаад гомдолтой байна. Хүүхдийнхээ эмчилгээнд маш их цаг хугацаагаар хохирч байгаад гомдолтой байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...С.Гын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь зөв бөгөөд давж заалдах шатны шүүх “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гэрлээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Гд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад С.Гыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх дараахь үндэслэл тогтоогдов.

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Г нь Б.Бтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч Б.Гийн биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Г, Б.Б нарыг бүлэглэн хохирогч Б.Гийг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь хууль заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д заасан “Ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.Гд холбогдох хэрэгт хамтран оролцсон гэх Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хариуцлага хүлээх 16 насанд хүрээгүй байсан нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч С.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу С.Гын үйлдэлд бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинж хөдөлбөргүй тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнтэй хамтарч үйлдсэн хэргийг шийдвэрлэхдээ “Бүлэглэж үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлж зүйлчлэхгүй, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулсан нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байвал тухайн зүйл хэсэгт зааснаар хэргийг давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүний үйлдсэн гэмт хэрэг нь яллагдагч С.Г, Б.Б, хохирогч Б.Г, гэрч Н.Н, Б.Ц, У.Т, Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 727 тоот дүгнэлт, шинжээч эмч Ц.Оийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж 1443 дугаартай шийтгэх тогтоолд дүгнэн, тэдгээр нотлох баримтыг прокурорын яллах дүгнэлтээс хуулбарлаж бичсэн байх боловч дээрх нотлох баримтууд нь тухайн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, агуулга нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг огт дүгнээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрхэн тусгагдсаныг судалж үзэхэд:

С.Г нь “…Ганжигүүр босоогүй байхаар нь очоод хөнжлийг нь татаад босгосон чинь босч ирээд намайг хэл амаар доромжлоод намайг заамдчихсан байсан чинь цаанаас ахлах сурагч Б.Б ирж Гийг салгаад цаашаа ор руу суулгасан. Tэrэxэд Г нь Бийг цаашаа түлхээд орны толгой мөргөсөн..." гэж,

Б.Б нь “С.Г нь манай ангийн дарга түрүүч цолтой юм. Тэгээд 10В ангийн Г гэх хүүхэд ганцаараа орноосоо босохгүй хэвтээд байсан… С.Г “Чи босооч” гэж хэлсэн чинь Г урдаас нь хараад байсан юм. Тэгээд С.Г хажуудаа байсан тавчик аваад шидсэн чинь хөнжлийг нь оносон чинь Г буцаагаад тавчик шидээд Гантулгыг оноогүй. Г толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд буцаад хэвтээд босохгүй байсан юм.

Өрөөний дарга Г очоод нөмөрч байгаа хөнжлийг нь хуулаад бос гэж хэлсэн. Г нь уурлаж босч ирээд Гыг хоолойноос нь боогоод цааш нь түлхээд цаана нь байсан орны толгой мөргүүлээд улам цааш нь шахаад байхаар нь би очоод Ганжигүүрийг хойш нь татаж салгаад хамгийн ойрхон байсан орон дээр хэвтүүлээд дарчихсан байсан.

 Г нь босох гээд байхаар нь босгохгүй байсан чинь миний хоолойноос багалзуурдаад… миний хоолойг маажчихсан. Би хойшоогоо болсон чинь… хөлөө гаргаж ирж байгаад миний цээж орчим жийсэн. Би Гийг зөрүүлээд цохьсон асуудал байхгүй. Би Гт хандаж “Чи шаардлага тавьж байхад биелүүлээч” гэхэд Ганжигүүр нь “заавал та нарын үгэнд орох ёстой юм уу” гээд намайг хараагаад байсан юм..." гэж,

гэрч Б.Ц “...Бидэнтэй цуг нэг өрөөнд байрлаж байсан Г нь Г, Б нарын нэгэнтэй маргалдсан, би одоо мартаад сайн санахгүй байна. Гт шаардлага тавихад л өөдөөс нь хэрэлдээд байсан зүйл болсон...” гэж,

гэрч У.Т “Б, Г нарыг дуудаж уулзахад Г нь өглөө бос гээд Гт шаардлага тавихад босоогүй, ганцаараа хэвтээд байсан, дахиад шаардлага тавиад босооч гэхэд Г уурлаж босч ирээд Гыг заамдаад авсан гэсэн. Тэгэнгүүт нь Б тэднийг салгахад Г нь элдэв янзаар хараагаад байсан гэсэн. Тэгэхээр нь Б нь Гийг заамдаад орон дээр нь дарсан гэж ярьсан..." гэж,

гэрч Б.Б “...сургууль дотор явж байтал … Г нь билүү, би тодорхой санахгүй байна, энэ хоёрын нэг нь ирээд Ганжигүүр уурлаж багшаа танай ангийн Б шаардлага тавихад биелүүлэхгүй байсан” гэж,

гэрч Э.Б “Өглөө босчихоод ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачихаад буцаад ирэхэд Б, Г нар муудалцсан гэж хүүхдүүд хэлсэн, намайг орж ирэхэд бол ямар нэгэн зодоон цохион, хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй, Б, Г нар өөр өөрсдөө орон дээрээ байцгааж байсан...” гэж тус тус мэдүүлснийг шийтгэх тогтоолд тусгасан байх бөгөөд тэдгээр нь шүүгдэгч С.Гыг хохирогч Б.Гт хэрхэн гэмтэл учруулсныг шууд нотолсон шинжийг агуулаагүй, харин хохирогч Б.Гийн өгсөн “С.Г, Б.Б нар бүлэглэж зодсон” гэх мэдүүлгийг няцааж, үгүйсгэснээс гадна зарим баримт нь хохирогчийг буруутгасан агуулгатай байхад шүүх тэдгээрийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, хэргийн үйл баримтын талаар үндэслэл муутай дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгаж бичсэн байх шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт тусгагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 727 тоот дүгнэлт, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нарын өгсөн мэдүүлэг зэрэг нь нотлох баримтууд нь хохирогч Б.Гийн биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун мөр, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл” учирсныг нотолсон агуулгатай боловч тухайн гэмтлийг С.Г, Б.Б нар хэрхэн бүлэглэж, эсхүл хэн нэг нь дангаараа учруулсан эсэх нь тогтоогдоогүй, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоол болон магадлалд “Бүлэглэж үйлдсэн” гэснээс өөрөөр шүүгдэгч С.Гын оролцоо, гэм буруугийн хэлбэр, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг нарийвчлан тусгаагүй байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гаргасан алдааг давтаж, насанд хүрээгүй гэрч Э.Бий “...Ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачихаад буцаад орж ирэхэд, ...би яг юу болсныг мэдэхгүй байна...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.Цийн “...зодоон цохисон зүйл болоогүй, би тэрийг хараагүй, тухайн үед өөр зүйл хийж байсан юм..." гэх, гэрч Б.Бийн “...Би тухайн хэргийн талаар үзэж харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд нь хохирогчийн “...зодуулсан, гэмтэж, өвдсөн...” гэх мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй, харин гэрч У.Ты “...Гийг Б, Г нар зодсон гэж хэн нэгэн нь надад мэдэгдсэн." гэсэн мэдүүлгээр С.Г, Б.Б нар бүлэглэн Б.Гийг зодсон болох нь нотлогдсон тухай үндэслэл муутай дүгнэлт хийснээс гадна өмгөөлөгч С.Гэрлээгийн “Гэрч У.Т мэдээллийнхээ эх сурвалжийг заагаагүй тул түүний мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн өсвөр насны хохирогч Б.Г санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулаагүйг далимдуулан мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж буй талаар гаргасан гомдлыг шүүх үндэслэлтэйгээр няцааж чадаагүй байна.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Гыг “бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Гд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гэрлээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Гд хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг мөрдөн байцаалтад буцаах эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд олгогдоогүй тул дээр дурьдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлыг дахин шалгуулах талаар өмгөөлөгч С.Гэрлээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянахад “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн багш, сурагчид хохирогч Б.Гийг гүтгэсэн, мөн хяналтын прокурор Ц.Гантулгабат албан тушаалаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1443 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН                             

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН