Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-02-27
Тогтоолын дугаар 98
Хэргийн индекс 107/2018/0072/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Л.И
Зүйл заалт 15.1.3.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1063 дугаар магадлалтай, Л.Ит холбогдох 201601070222 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Л.И нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлээгүйгээс хохирогч нас барах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Иыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Ит холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.И гаргасан гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын шатанд 3 удаа мэргэжлийн шинжээч нарын дүгнэлт гарсан боловч гэдэсний цооролтын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаагүй. Дүгнэлт нь таамагласан, эргэлзсэн шинжтэй гарсан. Анхны эдийн шинжилгээ хийсэн эмгэг судлаач Бүжидмаа гэдэсний цооролтыг олоогүй. Би тухайн хагалгааг хийхдээ Hasson техник буюу хэвлийн хөндийг эхлэн жижиг 1 см зүслэгээр нээж түүгээр хэвлийг хийлж дурандаж хагалгааг хийдэг аргыг хэрэглэсэн. Хагалгааны үед хэвлийн хөндийг дурангаар шалгахад ямар нэгэн гэмтэлгүй, хагалгаа дуусахад гарсан хүндрэл үгүй байсан. Үүнийг хагалгаа хийхэд тусалсан эмч нар гэрчилнэ. Хэргийг хянаж байсан прокурор Гэрэлбадрах зөв үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүх 2 удаа цагаатгах тогтоол гаргасан. Удаа дараагийн шинжээч нарын дүгнэлт бүрэн төгс шинжлэх ухааны үндэслэлтэй болж чадаагүй бөгөөд таамагласан, эргэлзсэн шинж чанартай байгаа нь тайлбар байцаалтуудаас харагдахаас гадна гэрчийн мэдүүлэг ялангуяа Б, О нарын мэдүүлэг зэрэг нь гэмтэж цоорсныг нотлохоос илүүтэй үрэвсэлт өвчний улмаас гэдэс цоорсон байх магадлалыг харуулж байна. Иймд нарийн гэдэсний үрэвсэлт шархлаа өвчин байгаад цоорсон байсныг бүр эсрэгээр эргүүлэн намайг хагалгаа хийж байхдаа халуун багажаар түлж цоолсон гэж хажууд нь хараад зогсож байсан мэт тайлбарлан яллах дүгнэлт гаргасанд туйлын харамсаж байгаа тул хэргийг шалган, эрх ашгийг минь хамгаалж цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн боловч нэмэгдэл ял хэрэглээгүй нь буруу байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Иын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Л.Иыг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.Мөнхбатад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийд тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орж, улмаар өвчтөн Д.М нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Улаанбаатар хотын Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.Иыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ тухайн зүйл хэсэгт заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талаар шүүгдэгч Л.Иын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1063 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эмчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон Л.Иыг мэс заслын эмчээр ажиллуулж, БНСУ-ын CMF эмч нарын холбооноос бэлэглэсэн гэх тухайн эмнэлэгт бүртгэлгүй дурангийн хагалгааны техник хэрэгслийг цөсний чулуу авах мэс заслын эмчилгээнд ашиглах зөвшөөрөл олгосон Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрт зохих дүгнэлт хийж, гэм хорын хохирлыг ажил олгогч хариуцах эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1063 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Иын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН