Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-02-15
Тогтоолын дугаар 71
Хэргийн индекс 176/2017/0334/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Г.С, Ч.Б, Ч.Б
Зүйл заалт 11.6.2.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.С, Ч.Б, Ч.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай\

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Ч.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал, хохирогч В.Ө, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаар Цагаатгах тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар магадлалтай, Г.С, Ч.Б, Ч.Б нарт холбогдох 1734001350081 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ч.Б;

2.Монгол Улсын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ч.Б;

3.Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.С, Ч.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэргийн бодит байдалд дүгнэлт хийх замаар, хуулийн хүрээнд цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, уг хуулийн зарчим агуулгаас зөрүүтэйгээр анхан шатны шүүхэд зааварчилсан, хэргийг өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц шинжтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т заасан үндэслэлд хамаарна.

Хэрэг явдал 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 19-20 цагийн үед Төв аймгийн Баян сумын төвд орших Ч.Бы гэрт болсон. Бы гэр гэгдэх байшин бол гаднаас ороход үүдэндээ тамбур гэгдэх хэсэгтэй, дотогшоо ороход гал зуухтай том өрөөний хэсэгтэй, түүнээс цааш дамжин орох нэг унтлагын өрөөтэй, маш цомхон жижигхэн сууц болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тухайн болсон үйл явцын бичлэгээс тодорхой харагдана. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ганзоригийн 9464 дугаартай дүгнэлт дэх бүх огноо засвартай байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт нотолгооны ач холбогдолтой байж чадах нь эргэлзээтэй. Шинжээч Б.Ганзоригийн 9464 тоот дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж прокурорын байгууллага дахин шинжилгээ хийлгэж байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн уг дүгнэлтийг дахин шинжилгээ хийх гол шинжилгээний обьект болгон ашигласан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй, хууль зөрчсөн баримтат мэдээлэл гэж үзэж байна.

Хохирогч В.Ө нь шинжээч томилсон анхны тогтоол 2017 оны 7 дугаар сарын 30-нд гарснаар авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 7 дугаар сарын 30-наас хойш очсон байх магадлалтай. Хэрэг 7 дугаар сарын 24-ний өдөр гарснаас хойш 6 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн бол түүний биед учирсан гэмтэл зохиомол гэмтэл болох нь нотлогдож байна. В.Өнөрзулын хамрын таславч яс 7 дугаар сарын 26-нд зүүн тийшээ мурийсан, 8 дугаар сарын 22 болоход баруун тийшээ мурийсан байгаа нь энэ хүний гэмтэл хаана ямар ч байдлаар учирсан байхыг үгүйсгэхгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох Үндсэн хуулийн зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, агуулгад үл нийцсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч В.Өнөрзулын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Хяналтын шатны шүүхээс гомдлыг хүлээн авах боломжгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Энэ хэрэг хамтран амьдрагч гэр бүлийн гишүүдийн хооронд үйлдэгдсэн. Гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэрч Б болон хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нарын үйлдэл тогтоогдсон. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.С, Ч.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тэдгээрийн агуулга нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, яллах талын баримтуудыг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан судалж, няцааж үгүйсгэх замаар шүүгдэгч Г.С, Ч.Б, Ч.Б нарыг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүлэглэн хохирогч B.Өыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх Шүүх эмнэлгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан “Хохирогч В.Өын биед тархи доргилт, зүүн сарвуунд өнгөц шарх, зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл” учирсныг тогтоосон 1240 дугаартай дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхээс “Хохирогч В.Ө шүүгдэгч Ч.Б, Ч.Б, Г.С нарт 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зодуулж гэмтсэн талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн байна. Түүний мэдүүлэг энэ хэргийн үйл баримтыг харсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, хэргийн оролцогч нартай садан төрлийн холбоогүй, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй гол гэрч болох С.Бийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 1240 дүгээр дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлж, хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадахгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлж, хэргийн үйл баримтыг ямар байдлаар тогтоох, аль нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хууль хэрэглэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

Харин шүүх анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэж, нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх болон цагаатгах тогтоол нь нэг талыг барьж гарсан буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаас бусад баримт, эсрэг талын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй зэрэг шүүхийн шийдвэрт тавигдах хуульд заасан шаардлага хангагдаагүй бол энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх эрхтэй боловч энэ хэрэгт дээр дурьдсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/, мөн журмын 2.4.2-т “Хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15 хувь/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гэмтлийн хөнгөн зэрэг нь эрүүл мэндийг 28 хүртэл хоногийн хугацаагаар түр сарниулах шинжтэй болохыг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заажээ.

Харин хохирогч В.Өын хувьд шүүгдэгч нарт зодуулсны улмаас эрүүл мэнд нь сарнисан, эсхүл хөдөлмөрийн ерөнхий чадвараа түр алдсан, эмчилгээ хийлгэснийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба тухайн үйл явдлаас хойш 4 долоо хоног өнгөрсний дараа хохирогчийн эмчилгээ хийлгэсэн гэх бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэв.

Хохирогч В.Ө нь шүүгдэгч Г.С, Ч.Б, Ч.Б нарт зодуулсан гэх үйл баримтын дараа шүүгдэгч Ч.Бы гэрт бусадтай хэрхэн харилцаж, биеэ авч явж буйг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн цагаатгах талын бусад нотлох баримтуудаас харахад прокуророос шүүгдэгч нарыг бүлэглэн хохирогч В.Өыг зодсон гэх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн, түүнчлэн хохирогчийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон гэх Шүүх эмнэлгийн 1240 тоот дүгнэлт бодитой гарсан эсэх нь эргэлзээ бүхий байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: … шүүхээс цагаатгах тогтоол гарсныг мэдэгдээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншин тайлбарлав.” гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                  

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН