Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-01-18
Тогтоолын дугаар 38
Хэргийн индекс 185/2018/0458/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.Б, Б.М
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.Б, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 936 дугаар магадлалтай, М.Б, Б.М нарт холбогдох 1809011010290 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Бат-Очирын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт М.Б.

2.Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Б.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 301.100 төгрөг гаргуулж хохирогч М.Бд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Б.Мд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Б.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Бат-Очир бичсэн эсэргүүцэлдээ: “Б.М нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт хохирогч М.Бтэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Б.М, хохирогч М.Б, шинжээч эмч Н.Энхцолмон нарын мэдүүлэг, шинжээчийн 3986 дугаар дүгнэлт, М.Бийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, эмнэлгийн баримт зэргээр нотлогдсон байхад Б.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, учир нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар эхлээд Б.М машинаараа мөргөх үйлдэл хийж, М.Б уг үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийхдээ гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. “Шүр” ХХК нь зохих зөвшөөрөлгүй мөнгө хураасан асуудал нь зөвхөн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болохоос Б.Мын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх үндэслэл биш юм.

М.Бийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, эмнэлгийн баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан баримт байхад түүнийг хуулбар гэх шалтгаанаар үнэлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Б.М нь тээврийн хэрэгслээр урагш хөдлөх үйлдлийн улмаас бусдад гэмтэл учирч болохыг мэдсээр байж уг үйлдлийг хийж хор уршигт хүрсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон Б.Мын мэдүүлгээр давхар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “шууд санаатай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан болох нь нотлогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. М.Б, Б.М нар нь харилцан маргалдаж бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Б.М нь машиныхаа толиор М.Бийг мөргөж унагаасан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Бат-Очирын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.М, М.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Б.М, М.Б нар нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Шүр” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр “автомашин байрлуулсны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, Б.М нь М.Бийг автомашиныхаа толиор шүргэж унагаан, М.Б нь Б.Мын нүүрэнд гараараа цохиж харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.М нь М.Бтэй маргалдах үедээ тээврийн хэрэгслээ урагш хөдөлгөж, автомашиныхаа толиор М.Бийг мөргөж биед нь  тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3986 тоот шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх “нхан шатны шүүх Б.Мын хэрхэн гэмтэл учруулсан үйл баримтыг хангалттай нотолж чадаагүй, хохирогч М.Бийн эрүүл мэнд сарнисан нь тогтоогдоогүй, түүний эмнэлэгт хэвтсэн гэх хуулбар баримтыг үнэлэх боломжгүй” гэсэн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мын үйлдлийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзэв.

Түүнээс гадна “Шүр” худалдааны төвийг хариуцан ажиллуулдаг “СНШ” ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн шүүгдэгч М.Б нь Б.Мын биед гэмтэл учруулсан үйл баримт нь шүүгдэгч Б.Мын гэм бурууг үгүйсгэх, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 936 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН