Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-18
Тогтоолын дугаар 37
Хэргийн индекс 188/2018/0761/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.О, Б.Б
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

М.О, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 787 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1010 дүгээр магадлалтай, М.О, Б.Б нарт холбогдох 1808034870986 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Огийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, О овогт М.О.

2.Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, З овогт Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т зааснаар М.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж, Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.О, Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.О гаргасан гомдолдоо: “...Тэр эмэгтэй машинаасаа нэг төмөр зүйл барьж ирээд миний толгой, нүүр, баруун нүд, хамар, цээж, чих рүү олон удаа тасралтгүй цохиод байсан. Би тэр эгчид “та хүн андуураад байна, намайг цохихоо болиоч” гэж удаа дараа хэлэхэд “энэ хүн чинь машины шил хагалчихлаа” гээд намайг тасралтгүй цохиод байхаар нь би тэр хүний довтолгоог таслан зогсоох зорилгоор толгой руу нь гараараа нэг удаа цохьсон. Хэрэв би тэр эмэгтэйг цохиогүй бол тэр эгч надад өшөө их гэмтэл учруулахаар байсан нь тодорхой байсан. Би түүнийг нэг удаа цохьсоны дараа тэр эгч намайг цохихоо болиод хэсэг байж байснаа “Уучлаарай та хоёрыг андуурчихлаа” гэж байсан. Анхан шатны шүүх миний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзээд намайг цагаатгасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Б.Б нь миний эрүүл мэндийн эсрэг олон удаагийн үйлдлээр тасралтгүй хууль бус довтолгоо хийж, миний биед олон тооны гэмтэл санаатай учруулаад зогсохгүй байх үед би түүний довтолгоог зогсоох зорилгоор түүний толгой руу нэг удаа цохьсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.О, Б.Б нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Анхан шатны шүүхээс М.Огийн үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Огийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.О, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Ог “машины шил хагалсан” хэмээн андуурч түүний нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Прокуророос М.Ог 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бгийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч М.Ог өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус, тулгарсан довтолгооноос хамгаалж хохирогч Б.Бг цохьсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг агуулсан гэж дүгнэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ог цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Бгийн хууль бус довтолгоон дууссан, цаг хугацааны хувьд тасалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.О, Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч М.Он гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгуулийг төлөх хугацааг 2 сараар тогтоож, түүний эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх нь зүйтэй юм.

Иймд шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын дотор төлүүлэхээр тогтоосон шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1010 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 1 өдрийн 787 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                       ДАРГАЛАГЧ                                   Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН