Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-18
Тогтоолын дугаар 36
Хэргийн индекс 178/2018/0068/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.М
Зүйл заалт 11.1.2.4., 11.6.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дима, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 45 дугаар магадлалтай, Н.Мд холбогдох 1836000000015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Димагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н.М нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч Н.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 10 хоногийг 150.000 төгрөгийн торгох ялтай дүйцүүлэн торгох ялаас хасч, үлдэх 850.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6-д заасныг нарийн тодруулаагүй. Өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Хэргийг хэн үйлдсэн, хэнд ямар гэмтэл учирсан гэдэгтэй хэн ч маргаагүй. ... Гэрт архи авчраад ширээнд суугаагүй байхад маш богино хугацаанд хэрэг явдал болсон байдаг. Энд ямар нөхцөл байдал үүссэн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд дутуу тогтоосон... Энэ хэрэгт хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Нотолбол зохих байдал, цаг хугацаа, тухайн үеийн нөхцөл байдал, уур амьсгал зэрэг хэргийн гол байдлуудыг нарийн тогтоогоогүй учраас шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрдөг. Анхан шатны шүүхээс хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... Хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг шүүх хуралдаан дээр өөрчлөгдсөн байхад энэ талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой санал нэг байна. Шүүх хуралдаан дээр хамаатан садан хүмүүс нөлөөнд автаж мэдүүлгээ өөрчилсөн байх боломжтой учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Димагийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Мд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

Прокуророос Н.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шүүгч хэргийг дангаар буюу хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Димагийн хяналтын журмаар гаргасан “Анхан шатны шүүхээс хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Хяналтын шатны шүүхээс дээр дурьдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүх өмнөх шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Димагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН