Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-01-11
Тогтоолын дугаар 21
Хэргийн индекс 170/2017/0026/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Д.Г
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Д.Гд холбогдох 201613000173 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Д.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Д.Гг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэрч У, П нарын мэдүүлэг эх сурвалжаа заагаагүй байхад шууд тусган мэдүүлсэн гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн. Шүүхийн хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Хохирогчийн бэлэг эрхтнээс гарсан цус нь сарын тэмдэг, эсвэл ураг зулбасан болохыг тогтоогоогүй байхад түүнийг жирэмсэн байсан гэж дүгнэсэн. Хохирогч Ут 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн Эхо буюу хэт авиан шинжилгээний дүрс зураг байхгүй байхад дүрс зураг байгаа мэтээр хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Гг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа: “Хэргийн нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Хохирогчийн “цус гарсан, жирэмсэн байсан” гэсэн мэдүүлгээр түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзвэл цаашид маш буруу практик тогтох болно. Жирэмсэлсэн гэх ойлголт нь тодорхой бөгөөд заавал хугацаатай байх ёстой. Тест нь зөвхөн урьдчилсан сорил бөгөөд тест хэрэглэсэн гэх тэмдэглэл байх ёстой. Хохирогчийг жирэмсэн байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тодруулсан байна. Ураг зулбасан үйл баримтыг гэрчүүд бүрэн нотолсон. Шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэргээр хохирогчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч нь жирэмсэн гэдгээ шүүгдэгчид хэлж байсан. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хор уршигт тохироогүй байх тул торгох ялыг хорих ялаар солих саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багт орших өөрийн гэртээ эхнэр Д.Уийг удаа дараа зодсоны улмаас хохирогчийн ураг зулбаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоосон байна.

 Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Прокуророос Д.Гд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Д.Гд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Г нь эхнэр Д.Уийг жирэмсэн болсныг өөрөөс нь сонсож мэдсэн атлаа түүнийг 2016 оны 10 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд давтан зодсоны улмаас хохирогчийн ураг зулбасан болох нь хохирогч Д.У болон гэрч П.А, Д.А, Д.Т, Ч.У нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах талаар гаргасан өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүхээс Д.Гд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээий буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанарт тохироогүй, илтэд хөнгөдсөн байх тул энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хорих ял болгож өөрчилсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гд 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн заалт нэмсүгэй.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН