Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-06-26
Тогтоолын дугаар 354
Хэргийн индекс 105/2019/0253/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.О
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Оод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаар магадлалтай, Б.Оод холбогдох 1806065431589 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, Ч овогт Б.О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Ооос 128.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.А нь өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.                                                                                        Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.А гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт гэм хорын хохиролд гэм буруутай этгээдээс 128.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ" гэж тодорхойлсон. Би анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бол хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч, хохирлоо бодитоор гаргуулах байсан юм. Анхан шатны хуралд оролцоогүйгээс болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.4-т заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 1.9-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” хохирогчийн эрхийг минь ноцтой зөрчсөн байна.

Иймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Оод холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн гомдлоор хянан хэлэлцсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О өмгөөлөгчийн хамт оролцож яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ба төрийн байгууллагад ажилладаг учир санаа зовж байна гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, үүсээд байгаа асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийг зөвшөөрсөн болно.

Гэвч хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах зайлшгүй шаардлагууд байсан.

Энэ талаар өмгөөлөгчөөс өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан боловч прокурорын гаргасан эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно. Ийнхүү Б.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулалгүй, гэм буруугийн асуудлыг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх бүрэн гүйцэт хянан үзээгүй болно.

Гэрч болон хохирогчийн мэдүүлгээр 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Б.Оыг гэртээ байх үед түүний найз Ганболд нь А гэгч найзыгаа дагуулан очиж, улмаар архи ууж байх явцдаа хоорондоо маргалдсаны улмаас О нь архины шилээр Аийн нүүрэн тус газар цохисон, шидсэн гэх асуудал болж цагдаад дуудлага өгснөөр Б.Оыг саатуулсан гэдэг.

Б.Оын хувьд Аийг сайн танихгүй бөгөөд Ганболдын дагуулж ирснээр таньдаг болсон, цохисон эсэх асуудлыг мэдэхгүй, тийм зүйл болоогүй тухай мэдүүлдэг.

Үүний зэрэгцээ тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч болох дэд ахлагч Д.Эрдэнэбаатар нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Оыг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан байдаг. Шийтгэвэрийн хуудсыг эх хувиар хэрэгт хавсарган өгснийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

Өөрөөр хэлбэл, дуудлагаар очсон гэх цагдаагийн алба хаагч нар тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн биш, харин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй зөрчил байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна.

Мөн хохирогч Б.А нь хэрэг болсон гэх шөнө гэмтлийн эмнэлэгт очсон, дараа нь өөр дүүргийн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан тухай хохирогч, гэрчүүдийн хооронд яригддаг бөгөөд тэрээр аль дүүргийн эрүүлжүүлэх байранд ямар шалтгааны улмаас очсон, эрүүлжүүлэх байранд саатуулагдахаасаа өмнө, эсхүл хойно гэмтлийн эмнэлэг орсон эсэхийг шалгаагүй, Б.Оын гэрээс хэдэн цагт гарсан, гэртээ хэдэн цагт харьсан, замдаа өөр газраар орсон эсэхийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.

Учир нь хэргийг мөрдөн шалгах үед хохирогч болон гэрчүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байдлаар буюу ширээн дээр байсан архины шилийг авч цохисон, эсхүл авч шидсэн гэх байдлаар мэдүүлдэг.

Хэрэг болсон шөнө Б.О болон гэрч Золжаргал нарын хувьд өмнө архи уусан байсан гэдэг ба хэр зэргийн согтолттой байсан, өөрийгөө хянах болон болсон асуудлыг санах чадвартай байсан эсэхийг тодруулах үүднээс эрүүлжүүлэх байрны бүртгэл, согтолтын зэрэг тогтоосон баримт зэргийг хэрэгт нотлох баримтаар авахуулах нь ач холбогдолтой байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд "...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, ... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрэлзээгүй тогтооно" гэж заасан.

Гэвч дээрх нөхцөл байдлуудыг гүйцэд шалган тогтоолгүйгээр шүүгдэгчийн өгсөн “яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэснийг үндэслэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь Эрүүгийн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэрэг болсон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн гаргасан гомдлыг хангаж, иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учраас хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Шүүгдэгч нь Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулсан асуудлаар прокурорт гомдол гаргаж эрх нь нээлттэй байгаа. Иймд хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:         

Хохирогч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Оод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Б.Оод холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Оыг 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 20-291 тоот өөрийн гэртээ архи ууж согтууран, улмаар хамт архи уусан хохирогч Б.Атэй маргалдаж, түүний нүүр рүү архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Б.Аийн гаргасан гомдлын дагуу хэрэг авагдсан баримтуудыг судалж үзэхэд тэрээр өмгөөлөгчийн эрхтэй ба мөрдөн байцаалтын шатанд “Эмчилгээний зардлыг тусдаа нотлох баримтаар шүүхэд гаргах болно.” хэмээн мэдүүлж /хх-10/, зөвхөн шинжилгээ хийлгэхтэй холбоотой баримтыг /хх-27/ мөрдөгчид гаргаж өгсөн тул шүүх үүнийг нь үндэслэн шүүгдэгч Б.Ооос 128.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Ат шүүх хуралдааны тов мэдэгдэхэд /хх-60,79,87,121/ ирээгүй, эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” хохирогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй болно.

Шүүх хохирогч Б.Аийн давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээж /хх-112/, түүнд гэм хорын хохирол нэхэмжлэх боломж олгосон хэдий ч тэрээр давж заалдах шатны шүүхэд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.А нь өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, хохирогч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх талаар хохирогч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.О нь Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулсан тухай гомдлоо прокурорт гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                           ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                                           ШҮҮГЧ                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН