Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-06-26
Тогтоолын дугаар 353
Хэргийн индекс 106/2019/0105/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ж.Л
Зүйл заалт 17.4.2.1.
Улсын яллагч Ш.Одонсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ж.Лд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 318 дугаар магадлалтай, Ж.Лд холбогдох 1805022561062 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, С овогт Ж.Л нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Лг албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчээс хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Бд 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Лгээс 23.897.683.70 төгрөг гаргуулан хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Ж.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ж.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсвэл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэхээр заасан. Ж.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлын тодорхой хэсгийг төлж, үлдэгдлийг төлөхөө илэрхийлж байгаа тул ялаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн хэлсэн саналдаа: “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Ж.Л 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл “Төгс-Амин-Эрдэнэ” ХХК-д ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын хөрөнгөнөөс 26.497.683.70 төгрөг завшиж хохирол учруулсан үйлдлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дугаар 154 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн билээ.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 318 дугаар мадлалаар хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн 318 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Л нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй. Ж.Л нь нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тухайн албан тушаалыг хашиж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна. Шүүгдэгчийн Ж.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял хөнгөрүүлэх боломжгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Лд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Л нь 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс Амин Эрдэнэ” ХХК-ийн “Төгс супермакет” дэлгүүрийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж дэлгүүрийн санхүүгийн программ дахь өдөр тутмын орлогыг тайлантай тулгаж, дэлгүүрийн кассаас бэлэн мөнгөний орлогыг хүлээн авсны дараа компанийн санхүүгийн Даймонд программд тайланг засварлах, талоны огноог өөрчлөх аргаар орлогын дүнг багасган илгээж 26.497.683,70 төгрөгийг завшсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ /хх-15/, гэрч Б.Батцэцэг, С.Пүрэвсүрэн, Н.Дансалнамхай, Л.Анхбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 166 дугаар дүгнэлт /хх-61/, “Цэгц төв Богд Аудит”-ийн тайлан /хх-36/, хөдөлмөрийн гэрээ /хх-86/, “Төгс Амин Эрдэнэ” ХХК-ийн ерөнхий захирлын ажилд томилсон тушаал /хх-90/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Лг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ж.Л нь “Төгс Амин Эрдэнэ” ХХК-ийн “Төгс супермакет” дэлгүүрийн нягтлан бодогчийн хувьд зөвхөн өөрт нь олгогдсон албаны чиг үүргийг ашиглаж тус компанийн санхүүгийн Даймонд программд тайланг засварлах, талоны огноог өөрчлөх аргаар 26.497.683,70 төгрөг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг хангасан байхад давж заалдах шатны шүүх “Ж.Л нь Даймонд программыг зөвхөн ажил үүргийнхээ дагуу ашигладаг, өөр хүн ашиглах эрхгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа түүнийг нягтлан бодогчийн ажлыг хариуцан ажиллаж байхдаа тухайн дэлгүүрийн орлогыг компьютерт бичигдсэн дүнтэй тулган шалгаж кассын ажилтнаас орлогын мөнгийг бэлнээр авсныхаа дараа төв компанийн санхүүгийн Даймонд программд нэгтгэн оруулдаг өдөр тутмын ажил үүргийн хуваарьтай ажилтан байсан тул албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу байна” гэсэн харилцан зөрүүтэй үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 Иймд шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 318 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                          ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                          ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН