Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-04-12
Тогтоолын дугаар 168
Хэргийн индекс 168/2018/0030/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Д.А
Зүйл заалт 153.1.
Улсын яллагч Ц.Батцэнгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолтой, Д.Ад холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1938 оны байдлаар 21 настай, Архангай аймгийн Булган сумын 7 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, хувь хөрөнгө хогшилгүй, ял шийтгэлгүй, Д овогтой А нь “Урьд цэргээс оргосон оргодол эсэргүү Ц.Дашпунцагийн удирдлагаар өөрийн эх орон ба хувьсгалт цэргээс оргож, эзэрхэг түрэмгий Японы цэрэг зэвсгээр туслуулан хувьсгалт засаг төрийг устгаж, хуучны хаант засгийг байгуулахын тулд алив нэгэн нууц бичгүүд, цэргийн агуулах, зэвсэг, агт, ачлагын тоо зэргийг бүртгэн авч япон цэргийн эрх баригч нарт бэлэглэн өгөхийг оролдон байсны дээр Зүүн хязгаарын цэргийн ангиудын байлдааны хүчин чадлыг бууруулахын тулд 6 дугаар дивизийн харъяа 17 дугаар морьт хорооны “Хяргас” хэмээх газар хадаж бэлтгэсэн 7920 төгрөгийн үнэ бүхий 11 нуруу өвсийг зориуд санаатайгаар галдаж шатаасан, бүрэн зэвсэг хэрэглэн Япон улсад оргон очихоор бэлтгэж байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 160 дугаар зүйлд тус тус зааснаар Д.Аг буудан алах ял шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.А нь цай чанах гэж байгаад болгоомжгүйгээр өвс шатаасан байхад санаатай шатаасан, оргодол Ц.Дашпунцагийн удирдлагаар өөрийн эх орон ба хувьсгалт цэргээс оргох гэж байсан гэх баримтгүй байхад зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн улс төрийн хэрэгт санаатайгаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд, Хайлаас авахаар хамт явсан цэрэг Самбуу, Ёндон нараас гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, мөн Д.Аг эсэргүү хэрэгт элсүүлсэн гэх 7 дугаар дивизийн дарга байсан Цэндийн Дашпунцагийг Улсын Дээд шүүхийн 1990 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр магадлалаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Д.Агийн “...Гадаадад оргон явахдаа цэргийн тоо, хүчийг тодорхойлсон бүртгэл зэргийг олж явахыг хичээн оролцох, байлдааны хүчийг сулруулан муудуулахын тулд хадлан өвсөнд гал тавьж, оргон явахдаа 6 сумтай винтов буу, өмссөн хувцас хэрэглэлтэйгээ 3-4 хоноод явна гэж байгаад баригдсан, Ц.Дашпунцагийн даалгаврыг биелүүлэхийг бодож явсан боловч цэрэг, зэвсгийн бүртгэл цоожтой, үргэлж манаатай учраас чадаагүй” хэмээн мэдүүлсэн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн шийтгэсэн. Дээрх баримтуудаас үзвэл Д.А нь улс төрийн хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй, Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт байгаа баримтуудаас дүгнэвэл гэмт хэргийн санаа зорилго, хор уршигт хүргэсэн нөхцөл байдал, гэм бурууг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр, улс төрийн гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад Д.Аг улс төрийн хэрэгт хилсээр гэм буруутайд тооцож, ял шийтгэжээ. Иймд Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын  24-ний өдөр хуралдаж таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Д.Ад холбогдох 3092 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг баримтлан бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.А нь урьд цэргээс оргосон оргодол эсэргүү Ц.Дашпунцагийн удирдлагаар өөрийн эх орон ба хувьсгалт цэргээс оргож, эзэрхэг түрэмгий Японы цэрэг зэвсгээр туслуулан хувьсгалт засаг төрийг устгаж, хуучны хаант засгийг байгуулахын тулд алив нэгэн нууц бичгүүд, цэргийн агуулах, зэвсэг, агт, ачлагын тоо зэргийг бүртгэн авч япон цэргийн эрх баригч нарт бэлэглэн өгөхийг оролдон байсны дээр Зүүн хязгаарын цэргийн ангиудын байлдааны хүчин чадлыг бууруулахын тулд 6 дугаар дивизийн харъяа 17 дугаар морьт хорооны “Хяргас” хэмээх газар хадаж бэлтгэсэн 7920 төгрөгийн үнэ бүхий 11 нуруу өвсийг зориуд санаатайгаар галдаж шатаасан, бүрэн зэвсэг хэрэглэн Япон улсад оргон очихоор бэлтгэж байсан гэх үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Д.Агийн үйлдэлд Шүүх цаазын бичгийн 43, 160 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Д.Аг “...Хяргас” хэмээх газар хадаж бэлтгэсэн 7920 төгрөгийн үнэ бүхий 11 нуруу өвсийг зориуд санаатайгаар галдаж шатаасан” гэх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Харин Д.Аг “Урьд цэргээс оргосон оргодол эсэргүү Ц.Дашпунцагийн удирдлагаар өөрийн эх орон ба хувьсгалт цэргээс оргож, эзэрхэг түрэмгий Японы цэрэг зэвсгээр туслуулан хувьсгалт засаг төрийг устгаж, хуучны хаант засгийг байгуулахын тулд алив нэгэн нууц бичгүүд, цэргийн агуулах, зэвсэг, агт, ачлагын тоо зэргийг бүртгэн авч япон цэргийн эрх баригч нарт бэлэглэн өгөхийг оролдон байсан, бүрэн зэвсэг хэрэглэн Япон улсад оргон очихоор бэлтгэж байсан” гэх хилс хэрэгт буруутгасан Шүүх цаазын бичгийн 160 дугаар зүйл нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарахгүй боловч Д.А нь оргодол Ц.Дашпунцагийн удирдлагаар өөрийн эх орон, хувьсгалт цэргээс оргох гэж байсан гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй байхад Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газраас зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн, мөн түүнийг эсэргүү хэрэгт элсүүлсэн гэх 7 дугаар дивизийн дарга Ц.Дашпунцагийг Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлд заасныг баримтлан цаазаар авах ял шийтгэсэн хэргийг Улсын Дээд шүүхийн 1990 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 29 дүгээр магадлалаар Ц.Дашпунцагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байх тул Д.Аг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр “Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Д.Ад холбогдох 3092 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг баримтлан бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Аг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Зүүн хязгаарын цэргийн шүүн таслах газрын 1938 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Д.Ад холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН