Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-03-19
Тогтоолын дугаар 180
Хэргийн индекс 106/2018/0723/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Б, У.Г
Зүйл заалт 145.2., 17.1.2.1., 17.1.2.4., 17.1.3.1.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Б, У.Г нарын 12 хүнд

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч М.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав, хохирогч Т.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар магадлалтай, Б.Б, У.Г, М.Ч, О.О, Б.Б, Г.Ш, З.Х, О.Д, Б.С, Б.Б, У.С, М.Н нарт холбогдох 201626020058 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 10 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Б.Б,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ө овогт У.Г,

3. Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2011 оны 5 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2013 оны 10 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, 2016 оны 1 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, Б овогт М.Ч,

4. Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 1 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ч овогт О.О,

5. Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Б,

6. Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ө овогт Г.Ш,

7. Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт З.Х,

8. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт О.Д,

9. Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б.С,

10. Монгол Улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, У овогт Б.Б,

11. Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт У.С,

12. Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 22-ны  өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт М.Н.

Шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч О.О, Б.Б нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

Шүүгдэгч У.Г, Г.Ш, З.Х, Б.С нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н нарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

шүүгдэгч О.О, Б.Б нарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч У.Г, Г.Ш, З.Х, Б.С нарыг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг давтан бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Быг 9 жил хорих, М.Чыг 8 жил 6 сар хорих, О.Дг 6 жил хорих, Б.Бг 6 жил хорих, У.Сийг 6 жил хорих, М.Нийг 5 жил хорих ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар О.Оыг 3 жил хорих ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Б.Бг 1 жил хорих ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У.Гг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих, Г.Шыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, З.Хыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, Б.Сийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н, У.Г, З.Х, О.О, Г.Ш, Б.Б, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

цагдан хоригдсон Б.Бын 425 хоног, У.Ггийн 310 хоног, М.Чын 285 хоног, О.Оын 255 хоног, Б.Бгийн 118 хоног, Г.Шын 60 хоног, З.Хын 171 хоног, О.Дгийн 134 хоног, Б.Сийн 76 хоног, Б.Бгийн 270 хоног, У.Сүхийн 150 хоног, М.Нийн 153 хоногийг шүүгдэгч тус бүрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ст оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 42.161.420 төгрөг, У.Ггаас 6.245.666 төгрөг, М.Чаас 33.646.735 төгрөг, О.Оаас 6.825.000 төгрөг, Г.Шоос 620.000 төгрөг, З.Хаас 3.200.695 төгрөг, О.Дгаас 21.946.583 төгрөг, У.Сэс 6.048.242 төгрөг, М.Нэс 3.132.867 төгрөг, Б.Бгээс 8.892.367 төгрөг тус тус гаргуулан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах,

шүүгдэгч Б.С, Б.Б нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүйг болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад хүргүүлэх, CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолын О.От холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Цагдан хоригдсон Б.Бын 503 хоногийг, М.Чын 338 хоногийг, У.Ггийн 310 хоногийг, О.Оын 310 хоногийг, Б.Бгийн 118 хоногийг, Г.Шын 60 хоногийг, З.Хын 171 хоногийг, О.Дгийн 172 хоногийг, Б.Сийн 76 хоногийг, Б.Бгийн 294 хоногийг, У.Сийн 150 хоногийг, М.Нийн 153 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус  өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Б.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэсний дараа “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Шод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус...” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарын “...хэргээ нэгтгэн шалгуулах...”, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Э.Нарангаравын “О.Дгийн зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, О.Д хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй”, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Д.Мядагбадамын “М.Н хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, насанд хүрээгүй байхдаа уруу татагдаж гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Г.Шыг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч Г.Ш нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Н.Нд 330.000 төгрөг, хохирогч У.Цд 165.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч М.Гт төлөх 125.000 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн дансанд байршуулсан  болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. О.Д нь 21 үйлдлээс 3 үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчигдсөн атал шүүх дүгнэлт хийлгүй орхисон.

Шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д нар 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энэбишийн өвлийн сууцанд нэвтрэн орж 2 ширхэг алтан ээмэг, биет 5 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг үйлдээгүй атал Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Галбадрах зодож байж хүлээлгэсэн гэх мэдүүлгийг шүүх хуралдааны явцад өгсөн. Хэргийн газрын үзлэгт О.Д үйлдсэн гэх нотлох баримт байдаггүй. Шүүгдэгч Б.Бтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт иргэн В.Эн өвлийн сууцанд нэвтрэн орж биет 5.520.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэргийг шүүгдэгч нарын хэн нь ч үйлдээгүй. Хэргийн газрын үзлэгт шүүгдэгч О.Д үйлдсэн гэх нотлох баримт байхгүй.

Шүүгдэгч М.Ч, Б.Б нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт иргэн Я.Сын гэрт нэвтрэн орж, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 53.454.360 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар М.Ч, Б.Б нар мэдүүлэхдээ О.Дд 1000 долларыг өгсөн гэжээ. /Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөн хүлээн зөвшөөрч 31 дүгээр хавтасны 165 дугаар талыг иш татсан байдаг/ Гэтэл хохирлын тооцоог буруу бодож 7.282.667 төгрөгөөр тооцсон байна. Дээрх үйлдэл, хохирлыг хасахад О.Дгийн үйлдэл нь 19, хохирлын хэмжээ нь 10.618.000 төгрөг болох ба энэ талаар О.Дгийн зүгээс маргадаггүй. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, аав, ээж, 2 эрэгтэй дүүгийн хамт амьдардаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, өөрөө ажил хийж хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн, өөрийгөө сайн дураар илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

О.Дгийн хувьд 2016 оны 12 сараас хойш ажил хөдөлмөр эрхэлж, төрсөн эх Ц.Энхтуяа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хүүгийнхээ хувцас хэрэглэл, хоолны зардлыг явуулдаг байсан, гэмт хэргийн хувьд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд үйлдэгдсэн ба гэмт хэргийн аргаар олсон мөнгийг зөвхөн найзуудтайгаа уулзахад зарцуулж, гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгодоггүй байсныг харгалзан үзэхийг хүсье. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг судлан үзэж, ялыг хөнгөрүүлж, хохирлыг зөв тооцох байдлаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч М.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Д.Мядагбадам бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “М.Н нь анхан шатны шүүх хуралдаан дээр Сд 800.000 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд Р.Од 675.000 төгрөг, Ж.Цт 157.500 төгрөг, Д.Сд 184.000 төгрөг, Тд 110.000 төгрөг, Х.Гд 163.000 төгрөг, нийт 1.289.500 төгрөгийн хохирол төлсөн байна. Анхан шатны шүүх хуралдааны дараа 3.133.000 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн дансанд байршуулсан. М.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, хохирол нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. М.Н нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж, түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, У.Г, М.Ч, О.О, Б.Б, Г.Ш, З.Х, О.Д, Б.С, Б.Б, У.С, М.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 38 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 138.691.717 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч У.Г нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 18 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 16.597.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Ч нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 32 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 116.810.637 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Ш нь бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 3.760.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч З.Х нь бусадтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 8.331.200 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Д нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 87.325.860 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь бусадтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 2.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч У.С нь бусадтай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж  31.731.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Н нь бусадтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж  12.982.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 1 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 24 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 20.807.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 6.384.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

шүүгдэгч О.О, Б.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

шүүгдэгч У.Г, Г.Ш, З.Х, Б.С нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Бт 9 жил хорих, М.Чад 8 жил 6 сар хорих, О.Дд 6 жил хорих, Б.Бд 6 жил хорих, У.Сд 6 жил хорих, М.Нд 5 жил хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар О.От 3 жил хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар Б.Бд 1 жил хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У.Гд эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих, Г.Шод эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, З.Хт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, Б.Ст эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу гэмт хэргийн давтамж, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н нарын хувьд 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөж эхлэхийн өмнө болон хойшхи хугацаанд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг олон удаа, тогтвортой үйлдэж, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар мөнгө олоход чиглэсэн үйл ажиллагааг байнгын шинжтэй амьдралын хэв маяг болгосон байх тул тэдний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч У.Г, Г.Ш, З.Х, Б.С нарт холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв боловч шүүгдэгч нарт ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан” гэсэн өөрчлөлт оруулсан нь буруу тул шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Шод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн анхан шатын шүүх шүүгдэгч О.От урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг зөвтгүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 851 дугаартай шийтгэх тогтоолын О.От холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Н, Б.Б нарыг бүлэглэн хохирогч З.Кулизагийн гэрээс 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр эд зүйл хулгайлсан үйлдлийг “2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа магадлалын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтыг бичихдээ дээрх алдааг зөвтгөөгүй орхигдуулсныг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын гаргасан “...21 үйлдлээс 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөрдөгч Г.Галбадрах зодож хэрэг хүлээлгэсэн, шүүгдэгч М.Ч, Б.Б нар иргэн Я.Сын гэрээс хулгайлсан эд зүйлээс О.Дд 1000 доллар өгсөн гэж мэдүүлсэн байхад түүнээс 7.282.667 төгрөг гаргуулахаар хохирлыг буруу тооцсон,  гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгодоггүй байсан зэргийг судлан үзэж, ялыг хөнгөрүүлж, хохирлыг зөв тооцож шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг судалж үзэхэд шүүгдэгч О.Д нь Б.Б, М.Ч нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Б.Эийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч 6.620.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, мөн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Я.Сын гэрт хууль бусаар нэвтэрч 53.454.360 төгрөгийн эд зүйл хулгайлсан, мөн Б.Бтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн В.Эийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч 5.220.000 төгрөг хулгайлсан хэргүүдийг шүүх хохирогч Б.Э /16хх-149/, В.Э /7хх-36/, Я.С /31хх-150/ нарын өгсөн мэдүүлгүүд, холбогдох баримтууд /16хх-152, 7хх-22-27, 31хх-127-132/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /16хх-129-130, 7хх-17-21, 31хх-122-126/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /31хх-136-137/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлээс /31хх-138-147/ гадна тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч Б.Б /31хх-167/, М.Ч /16хх-174, 31хх-165/, О.Д /7хх-61, 31хх-171/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоож, шүүгдэгч нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэснийг буруутгах, шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөрдөгч Г.Галбадрахыг эрүү шүүлт хэрэглэж шүүгдэгч нарт хилс хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх”-ийг хянах эрх хэмжээтэй тул дээр дурьдсан 3 үйлдлийг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

Мөн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан “Шүүгдэгч О.Д нь 2016 оны 12 сараас хойш ажил хөдөлмөр эрхэлсэн, мөн түүний эх Ц.Энхтуяа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хувцас, хоолны мөнгө явуулдаг байсан” гэх нөхцөл байдал нь шүүгдэгч О.Дгийн хулгайн гэмт хэргийг бусадтай бүлэглэн, байнга үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг амьдралын гол эх үүсвэр болгож байсан гэм буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Д.Мядагбадамын гаргасан “М.Н нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэх гомдлын хувьд М.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл бусадтай бүлэглэн 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж  12.982.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүхээс М.Номин-Эрдэнийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч зарим хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 5 жил хорих ял оногдуулсныг түүний гэм бурууд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхгүй болно. Шүүгдэгч М.Н нь анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан ял хөнгөрүүлэх журмыг хэрэглэх хууль зүйн боломж байхгүй учир энэ талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Д.Мядагбадам нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан” гэснийг, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан” гэж өөрчлөлт оруулсан заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН