Эрүүгийн хэргийн танхим

2015 оны 05 сарын 13 8038

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргана.

  • Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон

Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, эсэргүүцэлд дараахь зүйлийг тусгана:

- гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх шүүхийн нэр;

- гомдол гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

- эсэргүүцэл гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

- өмгөөлөгчөөр оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, бусад шаардлагатай мэдээлэл;

- аль шүүхийн ямар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа;

- анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн товч утга;

- гомдол, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоо;

- гомдол, эсэргүүцэл гаргагчийн санал, хүсэлт;

- хавсаргасан баримт бичиг, тэдгээрийн жагсаалт.

Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авах бөгөөд хэргийг гомдол, эсэргүүцэл, тайлбарын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

Хяналтын шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нь шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно.

Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцсон Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.