Иргэний хэргийн танхим

2015 оны 05 сарын 13 9988

Иргэний хэргийн танхим

Зохион байгуулалт:

- Иргэний хэргийн танхим нь 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ба шүүгч тус бүр нэг туслахтай ажилладаг.

- Танхим нь үйл ажиллагаагаа Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулдаг.

Иргэний хэргийн танхимын үндсэн ажиллагаа:

- Хяналтын журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх;

- Иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэгддэг хуулиудын Улсын Дээд шүүхээс гарах албан ёсны тайлбарын төсөл боловсруулах;

- Иргэний шүүн таслах ажиллагааны талаар шүүхүүдийг мэргэжлийн удирлагаар хангах;

- Хуульд заасан тусгай тохиолдолд иргэний хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх;

- Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намуудыг бүртгэх ажиллагааг тус тус явуулдаг.

Хяналтын журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа:

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр болон давж заалдах журмаар хянан шийдвэрлээд гаргасан  магадлалд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд хяналтын шатны шүүх иргэний хэргийг хянана.

Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авна. Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд ирүүлнэ.

Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээд улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлнө.

Хяналтын журмаар дараахь үндэслэлээр гомдол гаргана

- шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;

- хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иргэний хэргийн танхим хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт 9 цаг 00 минутаас хийгддэг ба хуралдааны зар урд долоо хоногийн пүрэв, баасан гаригт гарч, Улсын Дээд шүүхийн мэдээллийн самбарт тавигддаг.

Хэргийн оролцогч хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүгчийн туслахууд тухайлж мэдэгддэг. Шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хэргийн оролцогч хяналтын гомдолдоо эсвэл жич өргөдлөөр хяналтын шатны шүүхэд мэдэгдсэн байвал зохино. Энэ тухай тусгайлсан хүсэлт шүүхэд ирээгүй бол хэргийн оролцогч шүүх хуралдааны нийтэд зориулсан зараас мэдээлэл авч хуралдаанд оролцож болно.

Хэргийн оролцогч шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй. Харин хуралдаанд оролцож чадахгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан байвал энэ талаар шүүх бүрэлдэхүүнд шүүх хуралдаанаас өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдсэн тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шүүх бүрэлдэхүүн ердийн журмаар шийдвэрлэдэг.

Хяналтын журмаар иргэний хэргийг Улсын Дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг.

Танхимын шүүх хуралдааныг Танхимын тэргүүн, эсвэл шүүгчдийн зөвлөгөөнөөр томилогдсон Улсын Дээд шүүхийн аль нэг шүүгч даргалж, хэргийг илтгэгч шүүгч илтгэж танилцуулна.

Шүүх хуралдаанд оролцож буй хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээр мэтгэлцэнэ.

Танхимын шүүх хуралдаанаас тогтоол гарна.