Эрүүгийн хэргийн танхим

2015 оны 05 сарын 13 4367



 

Эрүүгийн хэргийн танхим

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих

Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

Дор дурдсан тохиолдолд тогтоолыг заавал хүчингүй болгоно:

- шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан;

- хуульд зааснаар шүүгдэгчийг заавал байлцуулбал зохих байтал түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн;

- хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй;

- зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг задруулсан;

- тогтоолд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй;

- хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй;

- шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч заавал оролцуулах хуулийн заалт зөрчсөн.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх

Дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь байвал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ:

- шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;

- хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;

- хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн.

 

Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргана. Шийтгэх, цагаатгах тогтоолыг хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд анхан шатны шүүх энэ тухай талуудад мэдэгдэж, гомдол, эсэргүүцлийн талаар тайлбар өгөх эрхтэйг мэдэгдэнэ.

Хяналтын шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын тэргүүн шүүгч 14 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.