УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

2015 оны 05 сарын 07 4276

Засгийн газрын гишүүдийн 1926 оны 49 дүгээр хурлаас Шүүх яамны шүүх хэлтсийг татан буулгаж, түүний үүргийг Улсын Дээд шүүхэд шилжүүлэн, 1927 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр БНМАУ-ын Дээд шүүхийг байгуулжээ.

1940 оны Үндсэн хуульд зааснаар Улсын Дээд шүүх таслах газар нь тус улсын шүүн таслах дээд байгууллага болохын хувьд шүүн таслах ажиллагаанд хяналт тавьж, шүүхийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй байжээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9 дүгээр зарлигаар “Шүүхийн зохион байгуулалтын тухай” анхны системчлэгдсэн хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар Улсын Дээд шүүх нь:

  • Улсын Дээд шүүхийн Бүгд хурал;
  • Улсын Дээд шүүхийн тэргүүлэгчид;
  • Эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги;
  • Иргэний хэрэг эрхэлсэн коллеги;
  • Цэргийн коллеги гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй болсон байна.

1960 оны Үндсэн хууль, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хууль”-иар БНМАУ-ын шүүхийн дээд байгууллага нь Дээд шүүх мөн болохыг тодорхойлсон ба “БНМАУ-ын Дээд шүүх нь БНМАУ-ын бүх шүүхийн байгууллагын ажлыг удирдаж, шүүн таслах үйл ажиллагаанд хяналт тавих ” чиг үүрэгтэй болжээ.

БНМАУ-ын Бага Хурлын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5 дугаар тогтоолоор БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг:

  • Дээд шүүхийн дарга;
  • Дээд шүүхийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
  • Дээд шүүхийн орлогч дарга бөгөөд Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
  • Дээд шүүхийн Аж ахуйн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга;
  • Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга; Дээд шүүхийн гишүүн;
  • Дээд шүүхийн ардын төлөөлөгч тус тус байхаар баталжээ.

1992 оны Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилан хэрэгжүүлэх зарчмыг тунхаглан баталгаажуулж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч цорын ганц байгууллага нь хараат бус, бие даасан шүүх болохыг хуульчилан  тодорхойлжээ.

Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс орчин үеийн шүүхийн үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон “Шүүхийн тухай хууль”-ийг 1993 онд батлан гаргасан нь нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилцаанд нийцүүлэн шүүхийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.

Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь 1993 оноос 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд:

  • Анхан шатны буюу сум, сум дунд, дүүргийн шүүх;
  • Давж заалдах болон хяналтын шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;
  • Давж заалдах болон хяналтын шатны буюу Дээд шүүхээс бүрдэж байсан билээ.

Тухайн үед Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, Эрүү, Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч, 14 шүүгч, нийт 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.

2002 онд шинээр батлагдсан “Шүүхийн тухай хууль”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2003 оны хуулиар  Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь:

  • Анхан шатны буюу сум, сум дунд, дүүргийн шүүх;
  • Анхан шатны буюу аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх
  • Давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;
  • Хяналтын шатны буюу Дээд шүүхээс бүрдэх болсон байна.

Энэ хуулиар Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн, Иргэний хэргийн Танхимын тэргүүн, Захиргааны хэргийн Танхимын тэргүүн болон 13 шүүгч, нийт 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах  ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байсан.

2013 онд шинээр батлагдсан "Монгол Улсын Шүүхийн тухай хууль" хуулиар Монгол Улсын Шүүхийн тогтолцоо нь: Улсын Дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэхээр заасан байна.

Энэ хуулиар Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчээс бүрдэнэ гэж заасны дагуу Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Иргэний хэргийн танхимын тэргүүн, Захиргааны хэргийн танхим тэргүүн болон 21 шүүгч, нийт 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх таслах ажиллагаа эрхлэн гүйцэтгэх болжээ.

 

Улсын Дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүмүүс:

  1. Ц.Гүрсэд 1927-1929 он
  2. Л.Цэндсүрэн 1929 он
  3. У.Гомбожав 1929-1930 он
  4. М.Ядамсүрэн 1930-1932 он
  5. Ж.Гончигсүрэн 1932-1933 он
  6. Ө.Чулуун 1933-1934 он
  7. Г.Дашийцоодол 1934-1939 он
  8. Б.Лувсандорж 1939-1940 он
  9. С.Цэдэнноров 1940-1953 он
  10. Н.Санжмятав 1953-1957 он
  11. Г.Пүрэвцоо 1957-1959 он
  12. С.Чойжамц 1959-1960 он
  13. Х.Дамдин 1960-1970 он
  14. Р.Гүнсэн 1970-1978 он
  15. Г.Иш 1978-1982 он
  16. Б.Чимид 1982-1986 он
  17. Л.Ринчин 1986-1990 он
  18. Д.Дэмбэрэлцэрэн   1990-1999 он
  19. Ч.Ганбат 1999-2005 он
  20. С.Батдэлгэр 2005-2010 он
  21. Ц.Зориг – 2010 оноос одоог хүртэл