2021 оны 04 сарын 05

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний
2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн
02 дугаар тогтоолын хавсралт

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ

ХҮЛЭЭН АВАХ, ХУВААРИЛАХ, ШҮҮХ ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ,

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ТОМИЛОХ ТҮР ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын дээд шүүхэд ирүүлсэн /эрүү, иргэн, захиргааны/ хэрэг, нэхэмжлэл болон гомдол, хүсэлтийг хүлээн авч, хуваарилах, шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилоход  Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон энэхүү журмыг удирдлага болгоно.

1.2.Хэрэг хуваарилах, даргалагч, бүрэлдэхүүн томилох ажиллагаа нь тухайн хэрэг хуваарилагдах, хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнд томилогдох шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор, ачаалал тэнцвэржүүлэн хийгдэх, хуваарилагдсан шүүгч, томилогдсон шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх зарчимд үндэслэсэн байна.

1.3.Энэхүү журмыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар олон нийтэд нээлттэй, Улсын дээд шүүхийн цахим хуудсанд байршуулна.

Хоёр. Хяналтын журмаар гаргасан гомдлыг
хүлээн авах, танхимын хуралдаанаар хэлэлцүүлэх

2.1.Хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу ирүүлсэн эрүү, иргэн, захиргааны хэргийг Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан-шинжээч хүлээн авч, хэргийн бүрдлийг шалгаж тус тусад нь ирсэн дарааллаар жагсаалт үүсгэнэ.

2.2.Тамгын газар дээрх жагсаалтын дагуу хяналтын журмаар гаргасан гомдлыг холбогдох баримтын хамт /шийдвэр, магадлал, тогтоол зэрэг/ танхимд ажиллаж буй шүүгчдийн тоогоор хувилан бэлтгэж, энэ журмын 2.3-д заасан танхимын хуралдаан болохоос долоо хоногийн өмнө шүүгч нарт тарааж өгсөн байна. Төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад баримтыг албаны цахим хаягаар хүргүүлнэ.

2.3.Хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэрэг ирсэн дарааллын дагуу авч шийдвэрлэнэ. Эрүү, иргэн, захиргааны хэргийн танхим 7-14 хоногт тогтмол хуралдана. Танхим хуралдах гараг болон хуралдааны дэгээ өөрөө тогтооно.

2.4.Хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх танхимын хуралдаанд тухайн танхимын нийт шүүгчид оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас шүүгч хуралдаанд оролцох  боломжгүй тохиолдолд танхимын нийт шүүгчдийн ¾ нь оролцсон хуралдааныг  хүчинтэйд тооцно. Ирц хүрээгүй бол хуралдааныг хойшлуулж, энэ талаар танхимаас тогтоол гаргана.

Гурав. Хэрэг хуваарилах

3.1.Эрүү, иргэн, захиргааны хэрэгт  хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тогтоол гарсан даруйд тухайн танхимын тэргүүний туслах хэргийг ирсэн дарааллаар программд оруулж, хэрэг хуваарилах нэгдсэн программ дахь “тойрог дотор-санамсаргүй” горимоор хуваарилалтыг хийнэ. Тухайн танхимын нийт шүүгчдийн нэрсийг Улсын дээд шүүхэд томилогдсон огнооны дарааллаар жагсааж программд байрших тойргийг үүсгэнэ.

3.2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлттэй эрүү, иргэн, захиргааны хэргийг тусад нь бүртгэлд бүртгэж, сугалаагаар хуваарилна.

3.3.Хэрэг хүлээн авсан шүүгч хуульд заасан үндэслэлээр татгалзан гарсан, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох хүндэтгэн үзэх нөхцөл бий болсон бол энэ талаар тухайн танхимын зөвлөгөөнөөр шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг үндэслэн хэргийг дахин хуваарилалтад оруулна.

3.4.Журмын 3.3-т заасны дагуу танхимын зөвлөгөөний тогтоолыг үндэслэн хэргийг дахин хуваарилахдаа эрүүгийн хэргийг тухайн шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор-санамсаргүй байдлаар хуваарилах сонголтыг программд тохируулна, иргэн, захиргааны хэргийн танхим тухайн шүүгчийг оролцуулахгүйгээр бусад шүүгч нарт сугалааны зарчмаар хэргийн хуваарилалтыг хийнэ.

3.5.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуваарилагдсан хэргийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд эдгээр баримтын хувийг программ хангамж хариуцсан ажилтанд хадгалуулж, жилийн эцэст архивт шилжүүлнэ.

Дөрөв. Тусгай журмаар зохицуулагдсан зарим төрлийн хэрэг,
гомдлыг хүлээн авах, хуваарилах талаар

4.1.Улс төрийн намын бүртгэл, дүрэм, мөрийн хөтөлбөр болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх хүсэлтийг Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан-ахлах шинжээч хүлээн авч, Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бүртгэлд бүртгэн, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн дардас дарж, Иргэний хэргийн танхимд шилжүүлнэ. Хүсэлтийг иргэний танхимын шүүгчдэд сугалааны журмаар хуваарилна. Хүсэлтийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх бол бэлтгэл ажлыг шүүгч, Тамгын газартай хамтран хангана.

4.2.Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолд гаргасан гомдолтой хэргийг Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан-шинжээч хүлээн авч, бүртгэлд бүртгэн, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн дардас дарна. Улсын дээд шүүхийн  нийт шүүгчдээс сугалааны журмаар илтгэгч шүүгчийг хуваарилна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6, 8 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан Сахилгын хорооны шийдвэрт энэ заалт хамаарна.

4.3.Журмын 4.2 дахь заалт хэрэгжих хүртэл хугацаанд ирсэн Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэртэй хэргийг Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан-шинжээч хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн дардас дарж, Захиргааны хэргийн танхимд шилжүүлнэ. Хэргийг Захиргааны танхимын шүүгчдэд сугалааны журмаар хуваарилна.

4.4.Давж заалдах журмаар хянуулахаар ирүүлсэн захиргааны хэрэг болон Монголын хуульчдын холбооны мэргэшлийн хариуцлагын хорооны магадлалтай хэргийг Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан-шинжээч энэхүү журамд заасны дагуу хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн дардас дарж, Захиргааны хэргийн танхимд шилжүүлэх бөгөөд шүүгчдэд сугалаагаар хуваарилна.

4.5.Хяналтын журмаар ирсэн 50 ба түүнээс дээш хавтастай эрүүгийн хэргийг тусад нь тойрог үүсгэн, журмын 3.1-т заасны дагуу хуваарилах бөгөөд программд байрших тойрог буюу шүүгч нарын нэрсийн дарааллыг журмын 3.1-д зааснаас урвуугаар байршуулна.

4.6.Журмын 4.5-д заасан хэргийг хуваарилахдаа урьд нь хэрэг хүлээн авсан шүүгчийн нэрийг сонгох жагсаалтаас хасна. Харин сонгогдох шүүгчийн нэрсийн жагсаалтад 1 шүүгч үлдвэл бусад шүүгчийн нэрсийг жагсаалтад буцаан оруулж, хэргийг хуваарилна.

4.7.Анхан шатны журмаар хянан хэлэлцэх нэхэмжлэлийг журмын 2.1, 3.1-т заасны дагуу хүлээн авч, хуваарилах бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Тав. Шүүх хуралдаан даргалагч,
шүүх бүрэлдэхүүнийг томилох талаар

5.1.Хяналтын журмаар гаргасан гомдолтой эрүүгийн хэргийг энэ журмын 3.1. дэх хэсэгт зааснаар хэрэг хуваарилах үед программ тухайн танхимын шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг сонгоно.

5.2.Иргэн, Захиргааны хэргийн танхим хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг хэрэг хуваарилагдсан даруй сугалаагаар тодруулна.

5.3.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулна.

5.4.Бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч, хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүн таслах ажиллагааны эрх ашгийн үүднээс тухайн танхимын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн бүрэлдэхүүн, даргалагчийг өөрчилж болно. Энэ тохиолдолд бүрэлдэхүүний шүүгчийг томилогдоогүй шүүгчдээс сугалааны журмаар томилж оролцуулна. Даргалагчийг илтгэгч шүүгчээс бусад бүрэлдэхүүнд орсон шүүгчид дотроос сугалаагаар томилно. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон бол өмнө томилогдсон шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хэлэлцэнэ.

5.5.Хуульд заасан үндэслэлээр тухайн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар шүүх бүрэлдэхүүнд томилогдох шүүгчийг бусад танхимын шүүгчдээс энэ журмын 5.1, 5.2-т зааснаар сонгож, албажуулна.

5.6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэлдэхүүнд оролцох, хуралдаан даргалагч шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд эдгээр баримтын хувийг программ хангамж хариуцсан ажилтанд хадгалуулж, жилийн эцэст архивт шилжүүлнэ.

Зургаа. Бусад

6.1.Шүүгчийн ээлжийн амралт эхлэхээс өмнө хуанлийн 14 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсоож, ээлжийн амралт дуусахаас хуанлийн 7-14 хоногийн өмнө хэргийг энэ журамд заасны дагуу хуваарилна.

6.2.Шүүгч сургалтад хамрагдах, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас удаан хугацааны чөлөө авсан бол тухайн чөлөөний хугацаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсоож, уг хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө хэргийг энэ журамд заасны дагуу хуваарилна.

6.3.Энэхүү журам нь Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилох нийтлэг журам батлагдах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

 

-----оОо-----