Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Дээд шүүхэд зочилж, тус шүүхийн Шүүхийн захиргааны сайд Ноён Чун Дэ Юубтэй хоёр талын уулзалт хийлээ. 

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын шүүхийн хөгжилд гарч буй зарим дэвшил болон тулгамдсан асуудлуудын талаар харилцан мэдээлэл танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлд дараах ажлуудыг зохион байгуулах талаар санал солилцов. Үүнд, Талуудын хооронд 2013 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэх, Шилжилтийн үе дэх эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл болон Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь сэдвүүдээр хамтарсан бага хурал зохион байгуулах, Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах талаар харилцан туршлага солилцохын зэрэгцээ өндөр түвшний бүс нутгийн семинарыг хамтран зохион байгуулах тухай ярилцав.

Ноён Чун Дэ Юуб 2024 оны 01 дүгээр сард Шүүхийн захиргааны сайдаар томилогдсон бөгөөд талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр шүүхийн Ерөнхий шүүгчдийн уулзалтыг зохион байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэн боломжтой арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.